Дархан хотын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөөлөлтэй танилцав

🕔 2016/03/14 09:48

Дархан хотын "Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний биелэлт одоогоор 60 хувьтай явагдаж байгаа талаар "Артконстаркшн” компанийн төлөөлөл аймгийн Засаг дарга А.Энхболдод танилцуулав.

Дархан хот анх 1961 онд "Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний зураг төсвийг батлуулж 1983 онд шинэчилж 2000 он хүртэлх төлөвлөгөөг боловсруулж байжээ. Харин 2000 оноос энэ төрлийн томоохон бодлогын төлөвлөлт хийгдээгүй өдий хүрсэн байна.

Шинэ төлөвлөгөөнд Дархан хотыг Орхон, Сэлэнгэ зэрэг төвийн бүсийн аймгуудын гол зангилаа хот болгож замын сүлжээг өндөр төвшинд хөгжүүлж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахаар төлөвлөжээ. Тухайлбал: 450 ортой төвийн бүсийн "Эрүүл мэндийн төв” байгуулах , Дархан сумын 15 дугаар багийн нутаг "Мангирт” хэсэгт спортын цогцолбор байгуулах, Хустайн даваанд Нисэх онгоцны буудал байгуулах төсөөлөл гаргажээ. Үүнээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг Дархан хотын ирээдүйд хөгжил цэцэглэлтийг авч ирэх, иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх бодит боломжуудыг  тусгасан. Хамгийн сонирхолтой нь "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн ашиглалтыг сайжруулж таван одтой 25 давхар зочид буудлын барилга барих, хиймэл голыг бий болгох зураглал хийжээ. Ийнхүү "Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд хотын хөгжил, хотын соёлыг бий болгох нь чухал гэлээ.

"2040-2050 онд манай хот 250 гаруй мянган хүн амтай томоохон хот болох ирээдүй харагдаж байгаа” талаар аймгийн ерөнхий архитектор н.Эрдэнэбаяр ярилаа. Мөн "Эдгээр санаануудыг Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж цаашид хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлагыг хангаж чадахаар "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөө”-тэй болохын төлөө талууд хамтарч ажиллана” гэж аймгийн Засаг дарга А.Энхболд хэллээ.  

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох