“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргаад буй.
Тус чуулганаар:
- “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”
- “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг есөн хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго аж.