Жендэрийн мэдрэмжтэй ногоон санхүүгийн хөгжилд хадгаламж, зээлийн хоршоодын оролцоог хэлэлцэв
Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банк, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ногоон санхүүгийн хувьсал дахь хадгаламж, зээлийн хоршоодын оролцоо” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын эсрэг төр, засгийн байгууллагууд болон олон улсын холбогдох байгууллагатай нягт хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг өнгөрсөн онд баталсан. Энэхүү замын зурагт багтсан холбогдох ажлуудыг бид манлайлан хэрэгжүүлэхээр салбар тус бүрдээ бодлогын арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн чиглэлд Монголын хөрөнгийн бирж, ТоС Холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын төлөөх санхүүгийн төвүүдийн олон улсын сүлжээ (UNDP FC4S) зэрэг дотоод, гадаадын хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр нээлттэй хувьцаат компаниуд, үнэт цаас гаргагч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгохыг дэмжих зорилгоор “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргасан. Энэхүү удирдамж нь хөрөнгө оруулагчид болон олон нийтэд шаардлагатай мэдээллийг ил тод болгоход тус дөхөм болох, тайлагналын чанар, компаниудын ур чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдад компаниудын БОНЗ-ын гүйцэтгэлийг жиших боломжийг олгох улмаар компаниудын тайлагналын хэрэгжилтийг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой. Мөн дотоодын ногоон хөрөнгө оруулалт, ногоон бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд хийсэн томоохон ажлуудын нэг нь ногоон бонд гаргахтай холбоотой зохицуулалтын орчныг бүрдүүлсэн явдал юм. Үүний үр дүнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд”-ыг биржийн зах зээл дээр гаргах боломжтой болж өнгөрсөн зургаадугаар сард дотоодын хөрөнгийн зах зээлд гарах анхны ногоон бондыг бүртгэсэн. Харин банк бус санхүүгийн салбарт урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд ББСБ-уудын ногоон зээлийн мэдээллийн дата санг үүсгэж, “Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар”-ыг баталсан. Даатгалын салбарын тухайд даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлагын журамд “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Үүний үр дүнд одоогоор гурван төрлийн ногоон даатгалын бүтээгдэхүүнийг даатгуулагчдад санал болгоод байна. Мөн даатгалын компаниуд ногоон бондод хөрөнгө оруулах санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын холбогдох хөрөнгө оруулалтын журамд ногоон бондод хөрөнгө оруулах хөрөнгийн ангиллыг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тэгвэл хадгаламж зээлийн хоршооны салбарт Азийн хөгжлийн банктай хамтран “Хүртээмжтэй, ногоон сэргэлтийн төлөө Зүүн Азид жендэрийн тэгш байдлыг эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн. Уг төслөөр хоршооодын жендэрийн мэдрэмжтэй ногоон санхүүгийн өнөөгийн байдал, эмэгтэй удирдлагатай бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлох, ногоон төслүүд, тэр дундаа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, боломжит хөшүүргийг үнэлж, тодорхойлох судалгааг хийгээд байна” гэдгийг онцоллоо.
Хадгаламж, зээлийн хоршооны салбарын нийт төлөөлөл болон дэмжигч байгууллага, бодлого тодорхойлогчдыг нэг дор цуглуулсан энэ удаагийн хэлэлцүүлгээр жендэрийн мэдрэмжтэй ногоон санхүү, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хэрхэн хөгжүүлэх, олон улсын туршлага, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэж, санал солилцлоо. Мөн “Хүртээмжтэй, ногоон сэргэлтийн төлөө Зүүн Азид жендэрийн тэгш байдлыг эрчимжүүлэх” төслийн хүрээнд хийсэн ажил, судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо