Х.Нямбаатар: Төлбөртэй бүс бий болгоно, 700 мянган га газрыг чөлөөлж дахин төлөвлөнө
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хуулийн төслийг дагаж 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлж байгаа аж. Уг хуулийн төслөөр нийслэлийн авто замын түгжрэл болон орон сууцжуулах асуудлаар ямар өөрчлөлт гаргахыг танилцууллаа. Хотын даргын мэдээллээс онцлох 10 өөрчлөлтийг тоймлож байна.
1. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 720 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, хөдөлгөөнд оролцож байгаа аж. Нийслэлд жилд дунджаар 47-50 мянган автомашин импортолдог тооцоо гарчээ. Энэ эрчээрээ явбал дөрвөн жилийн дараа нийслэлд бүртгэлтэй автомашины тоо нэг саяд хүрэх тооцоо гарсан байна. Иймд УИХ-д барьж буй хуулийн төсөлд НИТХ нь Улаанбаатар хотод олгох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох заалт оржээ. НИТХ зөвхөн түгжрэл саарч, авто замын хүртээмж нэмэгдсэн үед дугаарын дээд хязгаарыг нэмэх зохицуулалтыг хийхээр хуульд тусгажээ.
2. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, нэгдүгээр эгнээг өргөтгөх, салаа замуудыг нэмнэ. Мөн нийтийн тээврийн төлбөрийн системд өөрчлөлт оруулна.
3. Төлбөртэй бүсийг нэвтрүүлнэ. Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тавихгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтооно. Ингэхдээ төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байхаар тогтооно. Нэг удаа, хоёр удаа, гурван удаа, дөрвөн удаа… гэх мэтчилэнгээр төлбөрийг тогтооно. Нийслэл төлбөртэй бүс тогтоох бэлтгэлийг хангаж байна. Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно. Давхар зогсоол барих, явган хүн, скүүтерийн замыг өргөтгөх судалгааг хийж байна.
4. Улаанбаатар хотын Их тойруу орчимд байгаа их дээд сургууль, төрийн байгууллага, соёл урлагийн газруудыг хотын захын дэд төв рүү нүүлгэх зохицуулалтыг хийнэ.
5. Метро барих асуудлаар БНХАУ-ын төрийн өмчийн газруудтай хэлэлцээрийн ширээний ард сууна. Арваннэгдүгээр сарын 15-наас Нийслэлийн удирдлагууд хэлэлцээрт орно. Хэлэлцээр тодорхой үр дүнд хүрсэн тохиолдолд Засгийн газар, УИХ-д танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулна. Нийслэлийн гурван шугамд метро барихаар төлөвлөж байна. Их тойрууг тойруулж Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэлх маршрутыг эхний байдлаар гаргасан.
6. БНХАУ-ийн төрийн өмчийн компаниудын консерциумтай хамтран тойрог хурдны замуудыг газар чөлөөлөлттэй нь хийхээр төлөвлөж байна.
7. Гэр хорооллыг барилгажуулах асуудлыг дээрх хуулиар зохицуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 220 өрх гэр хороололд амьдарч байгаагаас 8 мянга нь утаа гаргахгүй ямар нэгэн эх үүсвэрт холбогдсон байна. Ирэх жил Сэлбэ дэд төвийг эхлүүлж, тэр орчмын газар чөлөөлөлтийг нэлээд амбийцтай хийнэ. Долоон буудлын эцсээс Чингилтэй дүүрэг хүртэл 158 мянган га газарт 2000 айлын нэгж талбар бий. Эдгээр айлыг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөхийг хуульд зааж байгаа. Нэгд, бэлэн мөнгөөр, хоёрт газраа НОСК-т байгаа бэлэн орон сууцаар сольж болно. Гуравт, 24 сарын хугацаатай түрээсийн төлбөрөө аваад эргээд тухайн газар баригдсан байрнаас нөхөн олговор байдлаар өгөх зохицуулалтыг хийсэн.
8. Ирэх жилүүдэд нийт 12 мянган айлыг орон сууцаар хангах төслийг дахин төлөвлөлтийн хүрээнд эхлүүлнэ. Хайлааст, Таван буудал, Дарь-Эхийн авто зам дагуу байрлах айлуудыг бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нийслэл нийт 700 мянган га газрыг чөлөөлж, өөртөө аваад дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгж байгууллагуудад худалдан борлуулах байдлаар хувааж өгнө.
9. Таксины үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох, одоо хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Таксигаа Улаанбаатар хотод авчирсны дараа зөвшөөрлийг олгох байдлаар хуульд тусгаж байгаа.
10. Хүргэлтийн үйлчилгээний байгууллагууд хүргэлтээ шөнийн цагаар хүргэлтээ хийдэг болбол хотоос дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж байна.