Замын цэвдгийг “амьтан” судлаачаар хийлгэх тендер зарлажээ
Ажил гүйцэтгэх тендерийг яах гэж зарладаг юм. Мэргэжлийн багаар чанартай ажил хийлгэхийн тулд биз дээ. Мэргэжлийн гэдэгт туршлага, чадвар, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж гээд олон шалгуур багтана. Тиймдээ ч манай төр жорлон бариулсан ч тендер шалгаруулж байгаа.
Гэтэл хамгийн чухал салбартаа, тэр дотроо нарийн мэргэжил шаардах ажлыг хаа хамаагүй хүнээр гүйцэтгүүлэх тендер зарласан бэлээхэн жишээ байна. Ийм кейс нэгээр тогтохгүй. Хамгийн хоржоонтой нь замын хөгжлийн төвийнхөн экологичтой хамтарч зам дагуух цэвдгийн судалгаа хийх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, газрын хөрсөн дээрх хүрээлэн буй орчин судалдаг биологийн мэргэжлийн хүнээр газрын гүн дэх нарийн шинжлэх ухааныг онол арга зүйн өндөр түвшинд тооцоолдог инженерийн ажлыг хийлгэх юм байна. Ядаж, Я.Цэвэлийн толиноос цэвдэг, экологи гэх хоёр үгээ харчихвал ялгаа нь харагдана л даа. Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас бүтээн байгуулалт, зам, барилгын ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байгааг эрдэмтэн судлаачид хөндсөөр байгаа юм.
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ "Цэвдэгт бүс нутагт баригдсан авто замын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлох судалгаа" нэртэй, хураангуй жагсаалт гаргах тендер зарлажээ. Ингэхдээ тухайн томоохон хэмжээний судалгааг удирдах голлох багийн ахлагч нь экологич мэргэжилтэй байна гэсэн “босго” тавьжээ. Мөн ажлын туршлаганд нь замын норм норматив зохиож байсан гэх шалгуур бичсэн нь харагдана. Төрийн мэргэжлийн байгууллага нь ийм “мэргэжлийн” бус шалгууртай тендер зарласнаас болж экологич мэргэжилтэй хүн Монгол Улсын авто замын уур амьсгалын нормыг шинэчлэхээр болж байна. Инженерийн ажлыг экологичоор хийлгэхээр зориулж тендер зарлаж байгаа энэ үзэгдэл нь зүйрлэвэл замын цэвдгийг “амьтан” судлаачаар хийлгэнэ гэж байгаатай агаар нэг. Ер нь инженер биш юм чинь эмч, цагдаа өөр ямар ч мэргэжлийн хүн байж болох нь ээ. Үүний дэргэд тендер зарлах хугацаа хожимдох хойшлох юу ч биш. Ёстой ная дахь асуудал болох нь. Хор хохирол нь ч бага юм даа. Нөгөө талд шаардлага шалгуур хангаагүй байж чадахгүй зүйлээ хийнэ гэж тендер авахаар оролдож байгаа нь төрийн мөнгө, цаашлаад авто замын салбарын хамгийн чухал судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын ажил нурах, үр дүнгүй болох эрсдэлд оруулж байна. Ганцхан энэ мэт жишээнээс харахад л тендер зарлах нэрийдлээр халтуурддаг эцэст нь ажил нь ямар ч үр дүнгүй болдог. Эргээд баахан хэл ам дагуулж, хөрөнгө мөнгө, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг зовлон Монголчуудын энэ араншинтай холбоотой. Төр нь тендерээ шударга зарлаад сурчихвал их зүйл өөрчлөгдөнө дөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин