Лионель Месси найм дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртлээ
Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах "Алтан бөмбөг" ёслол өнгөрсөн шөнө уламжлал ёсоор Парис хотноо зохион байгуулагдлаа. "Катар-2022" ДАШТ-д шигшээ багаа ялалтад хөтөлсөн аргентин довтлогч Лионель Месси оны шилдэг тамирчны "Алтан бөмбөг" цомыг найм дахь удаагаа хүртлээ. Шагналыг түүний өнгөрсөн зунаас тоглож буй "Интер Майами" клубын эзэн Дэвид Бекхэм гардуулан өгсөн юм.
Алтан бөмбөг гардсаныхаа дараа Месси "Би ийм замналд хүрнэ гэж төсөөлж ч байсангүй. Дэлхийн түүхэн дэх шилдэг багт тоглож байсан нь миний аз. Тоглогчийн хувиар ийм шагнал хүртсэн маань ч сайхан байна. Копа Америк, дараа нь дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай" гэлээ.
Мессгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Эрлинг Хааланд 2023 оны шилдэг довтлогчийн шагнал буюу "Müller Trophy"-г хүртсэн. Норвегийн шигшээ багийн тоглогч Хааланд лигийн 35 тоглолтод 36 гоол оруулж, баг нь Премьер лиг, Аваргуудын лиг, ФА гурван цомын эзэн болсон амжилттай.
Аргентинд торгуулийн цохилтоор хожигдож, ДАШТ-ий финалд хет-трик хийсэн хоёр дахь тоглогч болох Килиан Мбаппе гуравт бичигджээ.
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчний "Алтан бөмбөг"-ийг Испанийн шигшээ баг, Барселона клубын довтлогч Аитана Бонмати хүртлээ. Шилдэг залуу тоглогчийн шагналыг Английн шигшээ, Реал Мадридын хагас хамгаалагч Жюд Беллинхэм хүртсэн бол шилдэг хаалгачаар Аргентины шигшээ, Астон Вилла клубийн Эмилиано Мартинез тодорчээ.