Дархан хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд томоохон төсөл хөтөлбөрүүд багтжээ

🕔 2016/03/04 13:35
 
Аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ХБХ-ийн дарга Д.Баасанжав, аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Сүхбаатар нарын хэлтэс агентлагийн удирдлагууд хоёрдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо "Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ажиллаж, Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн талаар санал солилцсон тухай бид мэдээллэсэн билээ. Тэгвэл энэ удаад тус компанийн удирдлагууд манай аймагт ажиллаж, Дархан хотод хэрэгжүүлж болох хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан уулзалт хийлээ. 
Уулзалтаар Аж үйлдвэр, үйлдвэр технологийн паркийг шинэчлэх төсөл, Барилга байгууламж сэргээн засварлах жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, Дархан хотын музей бүхий цамхаг байгуулах, ОУ-ын хурдны замын дагуух цэцэрлэгт хүрээлэнд Худалдаа үйлчилгээний хотхон байгуулах, Соёл амралтын хүрээлэнг шинэчлэн усан байгууламж бүхий Эко цогцолбор болгох, Зулзагын гол аялал амралт жуулчлалын бүсийг хөгжүүлж авто замаар холбох, Хараа Ерөө голын эргийн дагуу аялал жуулчлал, амралт сувилалын гэр хотхонуудыг байгуулж "Түмэн газрын цайны замын хот”-уудын хөгжлийн төсөлд хамруулах, Нийтийн биеийн тамирт зориулсан дугуйн зам барих, амины сууцны хорооллыг хоттой холбох шинэ зам, гудамж төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг "Хотын хөгжлийн шинэ ерөнхий төлөвлөгөө”-нд тусгах тухай ярилцаж, тодорхой төслүүдийг ажил хэрэг болгохоор тохиролцлоо. 
Дээрх төслүүдийг гуравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумын үеэр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм байна.
Дашрамд мэдээллэхэд: Дархан-Уул аймаг нь "Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-иар хотынхоо Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн хийлгэхээр болсон байна.
Эх сурвалж: http://darkhan.gov.mn/
скачать dle 12.0

Санал болгох