Спортын амжилт үзүүлсэн тамирчдад 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгажээ

🕔 2023/10/25 02:00

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан гээд ирэх оны төсөвт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг дэмжих чиглэлээр тусгасан арга хэмжээг нэрлэв. Тухайлбал 
  • Боловсролын багц хуулийн дагуу хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш, ажиллагчдад олгох тэтгэмжид хамрагдах хүний тооны өсөлттэй холбоотой зардлыг нэмэгдүүлэх,
  • төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахад шаардлагатай зардлыг төсөвт тусгах,
  • хүүхдийн тооны өсөлттэй уялдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх,
  • боловсролын зээлийн сангаас олгох сургалтын тэтгэлгийн хөнгөлөлт, чөлөөлөлт, төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч”-д олгох тэтгэлэг,
  • мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох,
  • “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд Монгол Улсын шигшээ багийн 260 гаруй тамирчныг спортын 27 төрлөөр оролцуулахтай холбогдуулан бэлтгэл хийх, олимпын эрх авах болон оноо цуглуулах уралдаан, тэмцээн болон олимпод оролцох тамирчдын хувцас хэрэгслийн хэрэглэлийн зардал зэргийг төсвийн төсөлд тусгасан болно.
Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа болно гэв.
Түүний дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй хэдий ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Боловсрол, шинжлэх ухааны яам тав, Соёлын яам дөрөв, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо дараах нэг арга хэмжээг тусгаагүй байна.
Тус байнгын хороонд харьяалагдах Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 937.2 тэрбум төгрөгийн 484 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 444.9 тэрбум төгрөгийн 306 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 492.4 тэрбум төгрөгийн 178 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна гээд дүгнэлтийг танилцуулав. Тухайлбал төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна гээд Засгийн газарт төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихдаа Төрийн хэмнэлтийн хуулийг баримтлах, хөгжлийн бодлогод нийцүүлэх зэрэг асуудлуудаар зөвлөмж өгөв.
Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

"Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина"

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд аудитын дүгнэлтээр улсын хөгжлийн төлөвлөгөөтэй төсвийн хөрөнгө оруулалт нийцээгүй байна гэжээ. Тухайлбал КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардал яагаад тусгагдаагүй байна вэ. Мөн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн байгуулах талаар 2021 оноос хойш ярьсан. Энэ ажил хэзээ гүйцэд дуусах вэ, тамирчдын ёс зүй, допингтой холбоотой асуудал улс орны нэр хүндэд нөлөөлж байна.
Спортын амжилт үзүүлсэн тамирчдад 2.4 тэрбум төгрөгөөр урамшуулахаар тусгасан. Шагнал урамшууллыг тамирчдын ёс зүй, сахилга, хариуцлагатай хэрхэн уялдуулж байна вэ, шинжлэх ухааны салбарын төсөв хэрхэн нэмэгдэж байна, хэрхэн энэ салбарыг дэмжиж байгаа талаар асуув.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан КООСЭН хөтөлбөрийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэвтрүүлэх зардлыг “Жайка” олон улсын байгууллагын тусламжаар 1,000 инженер бэлтгэх төслөөс санхүүжүүлнэ. Мөн Японы Засгийн газрын 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн лабораториудыг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Тиймээс төсвийн бодлоготой уялдаж байгаа. Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг барих төслийг шат дараалан хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ хичээлийн жилд 400 орчим цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг барина. Шаардлагатай 160 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн. Нийт улсын хэмжээнд 940 ариун цэврийн байгууламж бүрэн байгуулж дуусаж байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шинжлэх ухаан,технологийн салбарын урсгал зардал гэх мэт нийт зардалд 70 тэрбумыг төсөвлөсөн хэвээр байгаа. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны ажил хэвлэгдэн гарч байна. Гагцхүү эрдэмтдийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санхүүжилтийн тогтолцоог буй болгоход анхаарч ажиллаж байна гэв.
Түүний дараа Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ асуултад хариулт өглөө. Тэрбээр тамирчдын төдийгүй биеийн тамирын салбарынхны ёс зүй, сахилга хариуцлагыг асуудал хурцаар тавигдаж байна. Засгийн газраас тамирчдын ёс зүй, сахилга хариуцлагыг төрөөс олгох урамшуулалтай холбож өгсөн. Ёс зүй, сахилга хариуцлага алдсан тамирчид, дасгалжуулагчийн шагнал, урамшууллыг зогсоож байгаа гэв.

"Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна"

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2024 оноос багш нарын цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд төсөв байна уу гэж асуулаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн багш 1,273,000 төгрөг, сургуулийн өмнөх боловсролын салбарын багш 1,337,000 төгрөгийн суурь цалинтай болсон. Боловсролын салбар хоёр жилийн өмнөөс гүйцэтгэл үр дүнд суурилж, зургаан төвшингөөр багш нарыг үнэлж, урамшуулж байна. Тухайлбал нэгдүгээр төвшний багш үндсэн цалингийнхаа 50 хувийг нэмж авч байна. Хоёр, гурав, дөрөвдүгээр төвшингийн багш нарын урамшуулалд цалингийн тодорхой хувийг нэмж өгч байгаа. Он гараад үндсэн цалинг 10 хувь нэмэх зорилттой байна гэв.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өнгөрсөн жил 6 тэрбум төгрөг тавиад төсөвт 250 саяар баталсан. Харин 2024 оны төсөвт бид 8,5 тэрбумыг тавьсан. Харин ирэх жил 2,5 тэрбум төгрөг төсөвлөх ахиц гараад байна. Биеийн тамирын салбарынхны цалин 700-800 мянган төгрөг байсныг өнгөрсөн долдугаар сараас нэмэгдүүлсэнд талархаж байна. Аймаг, нийслэлийн биеийн тамирын спортын газрын тоног төхөөрөмжид 3.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, зарчмын зөрүүтэй санал гарсан учраас санал хураалт явууллаа. Тэрбээр соёлын салбарт зарцуулах хөрөнгийн тодорхой хувийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын музейн шинэчлэлд шилжүүлэх зэрэг хоёр санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Ийнхүү тус байнгын хороо төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан учраас Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Санал болгох