Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн талаар санал солилцов
Улаанбаатар хотноо "Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж Дархан хотод хэрэгжүүлж болох хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан уулзалт хийлээ.
Уулзалтаар аж үйлдвэр, үйлдвэр технологийн паркийг шинэчлэх төсөл, барилга байгууламж сэргээн засварлах жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, Дархан хотын музей бүхий цамхаг байгуулах, олон улсын хурдны замын дагуух цэцэрлэгт хүрээлэнд "Худалдаа үйлчилгээний хотхон” байгуулах, Соёл амралтын хүрээлэнг шинэчилж усан байгууламж бүхий "Эко цогцолбор” болгох талара ярилцлаа.
Мөн Зулзагын голын аялал, амралт жуулчлалын бүсийг хөгжүүлж авто замаар холбох, Хараа, Ерөө голын эргийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын гэр хотхонуудыг байгуулж "Түмэн газрын цайны замын хот”-уудын хөгжлийн төсөлд хамруулах ажил, Нийтийн биеийн тамирт зориулсан дугуйн зам барих, амины сууцны хорооллыг хоттой холбох "Шинэ зам”, "Гудамж” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг "Хотын хөгжлийн шинэ ерөнхий төлөвлөгөө”-нд тусгах тухай ярилцаж тодорхой төслүүдийг ажил хэрэг болгохоор тохиролцлоо.
Дээрх төслүүдийг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдах "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумын үеэр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжав нар болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд Улаанбаатар хотноо "Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ажиллаж Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн талаар санал солилцож танилцаад ирсэн юм.
Б.Норовсамбуу