12 мянган тонн батарейг хоргүй технологиор дахин боловсруулна
Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ. "Электрокем Монгол" ХХК байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хар тугалганы батарей дахин боловсруулах “Дэлхийн жишиг үйлдвэр”-ийн нээгээд байна. Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай аж. Олон Улсын стандарт мөрдсөн энэхүү жишиг үйлдвэрийг Монгол залуус нээн ажиллуулж байгаагаараа давуу талтай юм.
Нэг ширхэг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулдаг
Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6.250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Энэ нь нийт хаягдлын 19 хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.
Хаягдал батарей хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорно
“Электрокем Монгол” ХХК төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тиймээс хаягдал батарей энд тэндгүй тарж, хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорч байна. Урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд энэ ажил бодит үр дүнд хүрчээ. Орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой боллоо. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг "Электрокем Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганболд хэлж байлаа.
Нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна
М.Санжмядаг
“Электрокем Монгол” ХХК-ийн ерөнхий инженер М.Санжмядаг “Аккумляторыг дөрвөн үе шатаар боловсруулдаг. Хар тугалга, хуванцар, хүхрийн хүчил зэргийг бутлан жингээр нь автоматаар ангилдаг. Хар тугалгыг хайлуулан 99.97 хувиас дээш цэвэршилттэй гулдмай болгон цутгадаг. Үүнийг Лондонгийн металлын бирж дээр арилжаалахаар экспортод гаргана. Хуванцрыг 2-3 сантиметр квадрат болгон хайлуулж үйлдвэрүүдэд түүхий эд болон очдог. Тэдгээр үйлдвэрүүд барилгын арматур, бохир, худгийн таг, сандал зэргийн түүхий эд болгон ашигладаг.
Хүхрийн хүчлийг шохой болон зарим химийн бодистой урвалд оруулан, саармагжуулж гөлтгөнө буюу гипс хийдэг. Энэ нь цемент болон хар замаскны түүхий эд болдог. Манай улс гөлтгөнийн түүхий эдийн 70 хувийг импортоор авдаг юм билээ. Тиймээс ямар ч хаягдалгүй эко үйлдвэр юм.
Уулын орой дээрх антен нь тог тасрах үед батарейгаар ажиллаж байдаг. Тэдгээрийн хугацаа дууссан батарей, автомашины батарей, малчдын нарны эрчим хүчийг хадгалдаг батарей зэргийг түүхий эдэд авч байна. Монголд хаягдал батарей, аккумлятор цуглуулдаг таван компани бий. Мөн уул уурхай, тээвэр логистик компаниудтай хамтран ажиллаж түүхий эдээ цуглуулж байна. Өмнө хар тугалганы батарейг боловсруулдаг дөрвөн үйлдвэр байсан ч технологийн бус арга ашигладаг байсан тул бүгд хаагдсан. Тэдгээр үйлдвэрүүд зөвхөн нүдэнд харагдаж буй хар тугалгыг нь аваад шингэн хүчлийг газарт асгаж, хар тугалганы тоосонцрыг нь хогийн цэгт хаядаг нь байгаль орчныг маш их бохирдуулах шалтгаан болсон. Монгол Улсад хар тугалганы бохирдол агаарын бохирдлын дараа орохоор байна гэдгийг Олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна. Технологийн бус орчинд хар тугалгыг боловсруулах, хаях нь бохирдол үүсэх шалтгаан болж байна. Металл хар тугалга гэдэг нь хүнд хор учруулаад байгаа гол шалтгаан бус харин хар тугалганы тоосонцор юм. Аккумлятор нураад ашиглалтаас гарахаар нунтаг хэлбэрийн зүйл нь тоосонцор юм. Тиймээс хар тугалгыг зөв технологиор дахин боловсруулах нь нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах эерэг талтай” гэдгийг хэлж байлаа.
Б.АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин