Б.Бат-Эрдэнэ: Жуулчны баазуудад хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссон байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг дэмжих бодлогыг батлахаар болжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын албан ёсны хэлэлцээрийг байгууллаа. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэсэн тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн аравдугаар сард Их цайны зам буюу БНХАУ, ОХУ, МУ-ын хамтарсан торгоны замыг сэргээх ажил амжилттай хэлэлцээрийн түвшинд хийгдэж дууслаа. Арваннэгдүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах, хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлал, цагаан сарын сурталчлах, инфлюсерийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. 2023-2024 онд нийтдээ зургаан багийг авчрахаар төлөвлөж байгаа.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл 500 орчим сая хүнд хүрсэн амжилттай байна. Мөн 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан түүхэн амжилтыг тогтоож чадлаа. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гурван том шийдвэр гарсан.
Нэгд, олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах.
Хоёрт, өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 111 бааз, 7639 орны хүчин чадалтай байна. Энэхүү хүчин чадлын нэмэгдүүлэх хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс баазыг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийх, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргаж байна. Үүнд нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор БОАЖЯ-аас улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн.
Мөн Mongolian Winter буюу маркетингийн томоохон үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа боомтын сэргэлтийн хүрээнд Ханх, Цагаан нуураас эхлээд цагийг нь уртасгаж ОХУ болон бусад улсын жуулчдад нээлттэй хэлбэрээр хүлээж авах бололцоог бий болгож байна хэмээлээ.
Тэрээр мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Энэ жил жуулчдаас хэчнээн төгрөгийн татаж эдийн засагт хувь нэмэр оруулаад байгаа вэ?
-БОАЖЯ-ын 2023 оны төсөвт аялал жуулчлалын хөтөлбөрт 4.9 тэрбум төгрөг тусгасан. Инфлюнсерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллаж байгаа. Ирэх жилийн тавдугаар сард бид Nas summit-ыг хийхээр төлөвлөж байна. Энэ жил бид наймдугаар сард хийсэн шүү дээ. Хийгдэж байгаа контент үзэлтийн тоо, хүргэлтийн хэмжээгээр гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор тэрбум төгрөгийн төсөв гарчихсан байна. Одоогоор 600 орчим мянган жуулчин ирсэн байна. Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2000-2048 долларын орлого оруулж байгаа. Тэгэхээр тэрбум доллар буюу 3.4 их наяд төгрөг давсан хэмжээний орлого Монгол Улсын төсөвт оруулаад байна.