С.Монголжин: Японд хог ангилах нь нэгэн төрлийн хичээл

🕔 2023/10/27 13:21

Байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас үүдэн байгальд ээлтэй амьдралын хэв маяг дэлхий даяар дэлгэрч байна. Үүний хамгийн тод жишээ бол Япон улс юм. Японы их сургуульд сурахаар очсон Х.Монголжин хог хаягдалгүй амьдралын хэв маягийг өөртөө дадал болгож, байгалиа хамгаалах нь бидний амьдралын хэвшилтэй нягт холбоотой байдаг талаар бидэнтэй санал бодлоо хуваалцлаа
 
 
- Япончуудын хогоо ангилж хаях соёл дэлхийд их алдартай шүү дээ. Анх Японд очоод энэ соёлд дасах гэж их цаг зарцуулсан байх?

Тэгэлгүй яахав ээ. Японд очоод хогоо ангилж мэдэхгүй эхний зургаан сар бол хичээлээс хэцүү санагдсан шүү. Жил гаруй хугацаа өнгөрөхөд хог гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ялгаж хаядаг болсон доо.  

Япон улсад хогийн сав тийм ч элбэгтэй биш, маш цэвэрхэн гэсэн яриаг хүн болгон мэдэх байх. Нээрээ л хогийн сав, манай хоттой харьцуулахад маш цөөн байдаг. Бараг байдаггүй гэсэн ч болохоор. Ихэвчлэн сүлжээ дэлгүүр болон зоосны машины хажууд байдаг. Тэрэнд юу хамаагүй хийхгүй, гадна зааврын дагуу хогоо ангилан хийнэ. Таны хаях гэж байгаа хогны хогийн сав байхгүй бол гэртээ авч харина л гэсэн үг.
 
Хогоо ангилж ялган хаяхаас гадна хог тус бүрийг өөр өөр өдөр хаядаг. Жишээ нь, шатдаг хогийг Мягмар гаригт, хуванцар савны хогийг Лхагва гаригт ч гэх юмуу. Хог хаях өдөр нь хот, муждаа өөр өөр юм шиг байна лээ. Шилийг бас өнгөөр нь ангилж хаяна. Тэр ч утгаараа их цэвэрхэн цэгцтэй. 

- Хогоо ангилж сурсанаар бидэнд маш олон давуу тал бий болох байх?

- Хаягдлыг ангилах, дахин боловсруулах тухай мэдээлэл, мэдлэг харьцангуй сайжирсан өнөө цагт  байгаль дэлхийгээ хайрлах тухай ойлголт орчин үеийн иргэн таны халаасан дахь хогоо гаргаад хаяхдаа багахан сэтгэл гаргахаас л эхэлнэ гэдгийг ойлгоосой. Ганц хоёрхон жишээ дурьдахад  27 ширхэг хуванцар саваар нэг гадуур цамц, нэг тонн хаягдал цааснаас 900кг цаас,  190 мянган ширхэг хөнгөн цагаан лаазаар нэг машин босгох боломжтой байдаг байна. Үнэхээр л эх дэлхийдээ энх тунх сайхан амьдрахыг хүсдэг бол өдөр тутмын амьдралдаа зөв хэвшлийг суулгаасай гэж хүсдэг. Ингэснээр бидний ирээдүй улам гэрэлтэх болно шүү дээ. 
 
 
- Хүмүүс хог хаягдалгүй амьдрах гэж хичээх нь тийм ч их үр нөлөө үзүүлэхгүй гэсэн хандлагатай байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 - Хүмүүс энэ талаар мэдээлэлгүйн улмаас хангалтгүй гэж үзэх нь бий. Ганц хүний өөрчлөлт гэр бүл, найз нөхөд гээд эргэн тойрныхондоо нөлөөллийг бий болгодог. Тиймээс би хогоо багасгаж, ангилж хаялаа гээд үр дүнгүй гэж бодож болохгүй. Анхнаасаа хогоо ялгаж сураагүй манайхны хувьд анх бол дасахгүй андуурна, зарим нь нууцаар хол аваачиж хаях зэргээр бүтэлгүйтэж магадгүй юм. Гэхдээ хогоо ангилж хаях соёлд одооноос суралцах юм бол нэгт амьдарч буй орчин маш цэгцтэй болж эхэлнэ. Цаашлаад байгаль орчиндоо хийж буй хамгийн зөв дадал гэж ойлгож болох юм. Тиймээс ийм чухал зүйлийг хойшлуулалгүйгээр бодитой хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 
 

- Хүн болгон хог хаягдалгүй багатай орчин бүрдүүлэхийн тулд заавал мэдэх ёстой ямар зүйлс байдаг вэ?

- Дэлхий нийт хог хаягдалгүй, байгальд ээлтэй амьдралын дадал хандлагыг бий болгож, ухаалаг ногоон-хэрэглээнд шилжиж байна. Үүнд заавал мэдэх ёстой хог хаягдлын менежментийн элементүүд бий. 

1.Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийл. Гэртээ, ажлын байрандаа гэх мэт ер нь хаа ч явсан хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж болно. Тухайлбал бэлгийн сав баглаа боодлын шийдлээс эхлээд, аль ч дэлгүүрт орсон гялгар уут худалдан авахгүй байхаас зөв дадал хандлага эхэлнэ. Уг нь хэвшүүлэхэд тийм хэцүү дадал биш. Машиндаа, шүүгээндээ цүнхэндээ даавуун уут хийчихэд болно. Ингэхэд л гялгар уутны хэрэглээ эрс багасаад ирнэ. 

2. Хогны эх үүсвэрийг аль болох багасга, дахин ашигла. Бүх байгууллага, ААН-үүд хог хаягдлыг бууруулах менежментийн төлөвлөгөөтэй байх ёстой. Түүнийгээ дагаж хэрэгжүүлж ажиллах нь чухал. Жишээ нь олон хэрэглээд уйдчихсан боловч бүрэн бүтэн халбага сэрээ эсвэл хувцас, тавилга, эд хэрэгсэл байдаг шүү дээ. Тэдгээр зүйлс нь надад, хэрэггүй ч гэсэн өөр бусдад хэрэгтэй байж болно. Жишээ нь ээжүүд, их дээд сургуулийн оюутны төв хамтраад санаачилга гаргахад бусдад өгөөжтэй сайн дурын арга хэмжээ зохион байгуулвал тун өгөөжтэй дээ. Хөдөө орон нутгаас оюутны байранд суухаар ирсэн оюутнуудад тэрхүү эд зүйлсээ үнэ төлбөргүйгээр эсвэл багахан үнээр өгч болно шүү дээ. 

3. Дахин боловсруул. Дараагийн хүн хэрэглэх боломжгүй элэгдэж цоорсон хувцас, тавилга нэг удаагийн аяга таваг хэрэгсэл зэргийг дахин боловсруулдаг. Тэдгээрийг дахин боловсруулахад бас учир бий. Хуванцар сав болгон төрлөөсөө хамаарч тусгай кодтой байдаг. Тэрхүү кодоор нь дахин ангилж, дахин боловсруулж янз бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болгодог. Бидний мэдэх алдартай брэндүүд ч ийм түүхий эдээр зарим шинэ бүтээгдэхүүнээ хийж байна. Өвдөг тохой цоорсон хувцас хунарыг ашиглан донж маягийг нь тааруулсан, шинэ загвар бүхий бүтээгдэхүүн болгон хэрэгцээгээ хангах, эсвэл хэрэгтэй нэгэнд өгч болно. Энэ нь хог хаягдлыг дахин боловсруулж байгаа энгийн шийдэл, хэлбэр шүү дээ.

4.Хог хаягдлыг энерги болгон хувирга. Хог хаягдлыг энерги болгон хувиргахад тавигдах тусгай технологийн стандарт шаардлагууд, байгаль орчны стандарт шаардлагууд бий. Тэр шаардлагыг хангаж, хог хаягдлын бүтцээ судалж байж тун болгоомжтой хийх ёстой ажил л даа. Манай улс аюултай хог хаягдал ихтэй улс шүү дээ. Миний ойлгож ухаарч авсан зүйлс ийм л байна даа. Хэрэгтэй нэгэнд нь маш хэрэгтэй. Ялангуяа манайхан бусад орны жишгээр эрүүл аюулгүй амьдраасай гэдгийг маш их хүсэж байна. 
 
- Ярилцсанд баярлалаа
скачать dle 12.0

Санал болгох