Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл…

🕔 2018/07/26 10:11

Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл…

Хөлийн голын хөрсөнд шингэж буй аккумляторын шингэн Туул гол руу цутгаж байна. "Хуучин аккумляторын шингэн хөрсөнд асгаж буй үйлдвэрүүд яагаад заавал Богд уулын бэлд Хөлийн голын эхэнд Улаанбаатар ундны усны эх үүсвэр дээр байрлах ёстой гэж” хэмээн цахим орчинд шуугиж, хэвлэлүүдээр мэдээлэл гарч эхлэв. Бодит байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжилсан юм. Манай улсад дөрвөн компани хуучин аккумляторыг задалж дахин боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тодруулбал "Заламт гол”, "Хос даль”, "Болор аграмба”, "Эко минерал” компани юм.

 

Тиймээс дахин боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьж эхэлсэн хэрэг. Гэхдээ хууль дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатайг "орхигдуулсан” бололтой. Аккумлятор нь аюултай хог хаягдалд ордог. Үүнийг ашиглан үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авахаас эхлээд нэлээд нарийн шаардлагуудыг биелүүлэх учиртай. Адаглаад сар бүр тайлан мэдээгээ холбогдох газруудад нь хүргүүлж хэвших шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас сануулж байгаа юм. Харамсалтай нь манайд байгаа үйлдвэрүүд "усанд хаясан чулуу” шиг урсгалаараа явчихдаг аж. Магадгүй монгол хүний хэнэггүй зан гаргаж байна хэмээн хаацайлах биз. Гэвч энэ нь ирээдүй хойч үеэ хордуулахаас эхлээд гамшиг дагуулж буйг санууштай.

 

ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДВЭРИЙГ ХААЖЭЭ

 

"Болор аграмба” компанийн үйлдвэр.

 

Аккумлятороос гарсан хог хаягдлыг устгаагүй байлаа.

 

Энэ хэсэгт шингэнийг ялгаж авдаг бололтой ул мөр байв.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас гомдол ирсэн даруйд дээрх компаниудад хяналт, шалгалт хийж байсан аж. Тэр ч бүү хэл "Болор аграмба” компанийн үйл ажиллагааг 2016 онд зогсоосон юм байна. Тухайн үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн акт үйлдсэн хэмээн албаны эх сурвалж хэлэв. Тодруулбал, хөрсийг байх ёстой хэмжээнээс 2000 дахин ихээр бохир­дуулсныг лабора­торийн шинжилгээгээр тогтоосон байна. Ингээд бүхий л зүйлийг фото зургаар баримтжуулсан тухайгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий хэллээ. Биднийг "Болор аграмба” үйлдвэрээр очиход үйл ажиллагаа нь зогсоод нэлээд удаж буй тухай харуул нь хэлэв. Энэ жил ажлаа эхлүүлнэ гэж байсан ч хашаан доторх хөрсийг хамгаалах бүтэн хучилтыг буруу хийж байна гээд мэргэжлийн байгууллагаас бүтээн байгуулалтын ажлыг зогсоох үүрэг өгсөн болохоор хүмүүс нь ирэхгүй байгаа хэмээн тэрээр тайлбарлав. Аккумляторын шингэнийг савладаг байсан гэх хуванцар савнууд ундуй, сундуй харагдав. Зарим нэгийнх нь амны хэсгийг тайраад авсан байлаа. Үйлдвэрлэл явуулж байсан хэсэг төдийгүй агуулах зэрэг байшингуудыг түгжээд явсан тул үзүүлэх боломжгүй хэмээн харуул нь учирласан юм. Түүнчлэн талбайгаа цементээр хучиж байсан бололтой байв. Мэргэжлийн хүний хэлж буйгаар аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрийг ажиллуулахын тулд хамгийн наад зах нь ажиллах талбайгаа 30-40 см-ын зузаантай асфальтан хучилт хийх ёстой бөгөөд түүнийгээ үе шаттайгаар хийж шингэн нэвтрүүлэхгүй, зориулалтын материалаар бүрэх учиртайг сануулсан. Гэтэл "Болор аграмба” компани талбайгаа цементээр бүрж байсан аж. Түүхий эдээ буулгах, шингэн хаягдлыг зайлуулах зэрэгт хөрсөнд асгах аюултайг санаж горимын дагуу хучилтаа хийж, талбайгаа бэлтгэх сэтгэл дээрх компаниудад тутсан гэлтэй. "Хос даль”, "Эко минерал” компанийн үйлдвэрийн хашаа ч мөн л ялгаагүй шороон талбайтайгаа байж харагдав.

 

"Хос даль” компанийн тухайд мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийж зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан боловч лац хөдөлгөж дахин үйл ажиллагаа явуулж байсан тухай албаны эх сурвалж хэллээ. Тиймээс тус компанийн аккумляториос ялгаж авсан хүхрийн хүчлийг хураалгуулахаар Нийслэлийн цагдаагийн газарт албан бичиг хүргүүлсэн байна. Харин НЦГ-аас тус компанид эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм байна. Харин энэ талаар харуул эмэгтэй ярихдаа "Манайх шингэнээ хөрсөнд булж байгаагүй. Тусгай зориулалтын саванд хийдэг. Газар ухаж суурилуулсан цементэн ёмкост нь нэлээд зузаан хийгдсэнээс гадна шингэн нэвтрүүлдэггүй материалыг дунд нь хав­чуул­сан” гэж байв. Харин тэрхүү саванд шингэнийг ямар зарчмаар хийдэг тухайгаа "Аккумляторыг задлахдаа шингэнийг хуримтлуулдаг саванд шууд хийдэг. Нэлээд удаж байж энэ сав дүүрнэ. Шингэнээ зориулалтын саванд юүлж мэргэжлийн хяналтын байгууллагаас заасан зааврын дагуу устгалд оруулдаг гэж захирал ярьж байсан. Бас манай үйлдвэр бүр мөсөн хаагдаж байгаа юм билээ. Энд ажиллаж байсан хятад ажилчид бүгд нутаг буцсан. Одоогоор мэдээлэл өгөх дарга нар эзгүй байгаа, холбоо барих ч аргагүй” хэмээн тайлбарлав. Магадгүй үйлдвэрлэлийн дамжлага, ажиллах горим буруу явагдсанаас хөрсөнд шингэн нэвтэрч бохирдуулсан байх магадлал бий. Тиймээс ч "Хос даль” компани шингэнээ хөрсөнд уусган булж байсан тухай мэдээлэл гарсан болов уу гэмээр анзаарагдав.

 

 

"Хос даль” компани аккумлятороос ялгаж авсан шингэнээ энэ саванд хуримтлуулдаг аж.

 

 

Хог хаягдлыг мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөмжийн дагуу устгахаар бэлтгэсэн гэлээ.

 

Хуримтлуулсан шингэнээ устгалд бэлтгэсэн байдал.

 

Мөн "Эко минерал” компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулж хөрсний химийн болон хүнд металлын шинжилгээ хийлгэхээр Байгаль орчны төв лаборатори болон SGS лабораторид дээжийг өгсөн ажээ. Энэ компанийн үйлдвэр ч мөн л хаалга үүдээ түгжин, үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ үйлдвэрийн хойд болон баруун талд ногооны талбай байрлах. Мөн малчин өрх ч харагдав. Малчин эмэгтэй /нэрээ хэлэхийг хүсээгүй/ "Аккумляторын үйлдвэр ажлаа эхлүүлнэ гээд нэг хэсэг хүн цувж байснаа зогсчихсон. Одоогоор хүн малд сөргөөр нөлөөлсөн зүйл алга л байна. Энэ нь тууштай ажиллахгүй байгаатай ч холбоотой байж мэднэ. Аккумляторын шингэнийн маш хортой гэлцдэг. Хэрэв газрын хөрсөнд асгаж, цутгаад эхэлвэл хүн амьдрах аргагүй л болох байх. Хажууханд ногооны талбай бий. Ургац нь гайгүй л гараад байх шиг харагддаг. Одоогоор дорвитой мэдээлэл алга” гэсэн юм. Харин ногооны талбайн ажилтан эмэгтэй Бундхорол "Өнгөрсөн хоёр жил ургац сайн гарсан. Энэ урд талын үйлдвэр ажиллаад эхэлвэл ямар болохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч хөрсөн дээр аюултай шингэнээ асгаж байна гэж сонсоод бид эсэргүүцэж байсан юм. Харин шалгалтынхан ирээд хаачихлаа” гэв.

 

 

"Эко минерал” компанийн үйлдвэр.

 

 

Тус үйлдвэрийн шингэнээ ялгаж хуримтлуулдаг хэсэг гэв.

 

 

Энэ мэтчилэн нэлээдгүй саванд шингэн зүйл байсныг тодруулахад харуул тайлбарлаж чадсангүй.

 

 

"Эко минерал”, "Болор аграмба”, "Хос даль”-иас гадна "Заламт гол” компанийн үйлдвэр ч мөн тэнд ажилладаг. Тус үйлдвэрийн тухайд байнга шалгалтад хамрагдан дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар эрмэлзэж буйгаа компанийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн ярив. Тэрээр "Аккумляторыг дахин боловсруулж тугалгыг нь экспортод гаргадаг. Харин шингэнийг нь ялгаж таван тонны ёмкостод хуримтлуулан Эрдмин компанид нийлүүлдэг. Ингэхдээ аюултай хог хаягдлыг тээвэрлэдэг компанитай хамтарч ажиллан зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж байна. Аккумляторыг дахин боловсруулахад хууль дүрмийг ягштал биелүүлэхээс гадна ажлын горимыг чандлан мөр­дөх шаардлагатай. Шингэнийг хуримт­луулахдаа аккумлятор задалдаг хэсгийнхээ зүүн урд ёмкост байрлуулсан. Тэнд шүүлтүүрээр шүүн хоолой­гоор дамжуулж сав­ла­гаанд оруулахад бэлтгэдэг” гэсэн юм.

 

Д.ОЮУНЧИМЭГ

 

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ



скачать dle 12.0

Санал болгох