Хамар доорхи аюулыг хайхарч үздэг үү, бид
"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ” Үндсэн хуулиар баталгаажуулж хамгаалуулсан эрх дархтай ард түмэн гэвэл монголчууд бид. Цаасан дээр хараар бичсэн энэ эрх дарх бодит амьдрал дээр хэр хэрэгждэг нь эргэлзээтэй.
Эрүүл, аюулгүй орчин гэдэг зүгээр нэг хэлэх гээд хэлчихсэн гоё ганган үг биш. Энэ үгийн араас хэрэгжилт, хариуцлага, бодит үр дүн дагалдах учраас нэхэл хатуутай шалгуур байх учиртай. Улсынхаа нийслэлд "Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн тодотгол хайрлачихаад байгаа. Монгол хүн амны билэгдлээрээ, ингээд хэлчихэд болохгүй юмгүй мэт. Гэхдээ энэ аз жаргалын тодотгол хийсвэр байх учиргүй. Аз жаргал өөрөө харьцангуй ойлголт.
Улаанбаатарт явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёр нэг дохиогоор хөдөлгөөнд огтлолцдог. Жишээ нь: Ногоон гэрлээр зам хөндлөн гарч байгаа зорчигч баруун гар талаас эргэх тээврийн хэрэгсэл хоёр. Монголд ирсэн АНУ-ын иргэн хөдөлгөөний энэ зохицуулалтыг ихэд гайхаж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж байсан нь бий.
Эргэлзмээр ч юм шиг аймаарч юм шиг тоо баримт бий. Монголд авто замын ослоор нас барсан хүүхдийн тоо Сирийн иргэний дайнд амь үрэгдсэн хүүхдийн тооноос давж байгааг мэдээллийн хэрэгслүүд анхааруулж байв.Энэ бол мөнөөх л бидний эргэн тойрон дахь орчин аюултай байна гэсэн үг. Улаанбаатарын гол айдас энэ зам тээврийн осол эндэгдэл. Айдас болгоомжлол аз жаргал мөн үү.
Кино үзээд гарч явсан оюутан залуу, албаны ажлаа амжуулж явсан жолооч залуу "тэнгэр”-ээс унасан төмөрт оногдож, цаг бусаар хорвоог орхиж байсан эмгэнэлтэй тохиол бий. Баригдаж буй барилгууд тэр чигээрээ айдастай, аюултай орчин. Тэнд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээг хэзээ ч төгс төгөлдөр биш юмаа гэхэд журам номын дагуу мөрдөж ажилладаггүй.
...Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо сумын нутгаар явав. Ерөнхийдөө уул уурхай төвлөрсөн, алт олборлолтын гол бүс нутаг. Тэнд ажиллаж байгаа уул уурхайн компаниуд тэр сайхан газар нутгийг орвонгоор нь эргүүлж хүн байтугай мал амьтад амьдрах аргагүй там болгосоныг эндхийн Далангийн нуруу гэдэг газраас харж билээ. Нэгэн цагт булаг ус бургилж, хүн мал нь зоо тэнэгэр налайж байсан уулын тэр сайхан амын алтыг олборлоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос мал амьтан нүхэнд унаж үхдэг, айл мал нь дайжиж нүүсэн байв.
...Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Олон овоотын уурхайг ашиглахдаа алтны агууламжтай шороог овоолж байгаад цианитын уусмал бүхий шингэнээр алтыг тунгааж олборлодог тухай нутгийнхан ярьдаг байв. Уурхай талбайн тогтоол усанд хошуугаа хүргэсэн болжмор тэр дороо хордож үхэж байна хэмээн ярилцдаг байлаа. Нэгэн цагт нарийн соргог өвстэй малын сайхан бэлчээр байсан нутаг ийнхүү хөрс нь хордож шороо бужигнасан улаан хөрс болж үлдэж байгаа нь ганц энэ биш. Уул уурхай ингэж мөнөөх Үндсэн хуулийн "эрүүл аюулгүй орчинд амьдрах” монголчуудын эрхийг эрээ цээргүй, эрх дархтайгаар хөсөрдүүлж байгаа нь маргах аргагүй үнэн билээ.
...Хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумыг хоёр гуравхан хятад хордуулчихаад чимээ анир, ял зэмлэлгүй сураг алдарсан. Тэдний үлдээсэн хор уршиг одоо ч арилаагүй хэвээр байна. Ураны хайгуул Улаанбадрахын сумын иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж буй тухай дуусдаггүй гомдол хэдэн жил үргэлжижлж байна.
Байсхийж байгаад л монголчуудын чихийг халууцуулж, сэтгэлийг сэмэлдэг түгшүүр бол хоол хүнсний хордлого. Сургуулийн сурагчид, үйлдвэрийн ажилчид олноороо идсэн уусанаасаа хамтдаа хордсон нь нэг биш. Багануур, Дорнодод идээний дээж хэмээн хүртсэн хатуу ундаанаасаа хордож, хэд хэдээрээ дэлхий дэрлэсэн гунигтай бөгөөд эмгэнэлтэй тохиол бий. Тэднийг архичид, дур сонирхолдоо болж хортой шингэн ууж хордож үхлээ хэмээн үл ойшоодог ч бидний амьдран буй орчин ийм аюултай бүхнээр дүүрэн байгааг илтгэх жишээ энэ мөн.
Хүнсний хангамжаараа бусдаас хараатай, импортонд дулдуйддаг байна гэдэг тэр чигээрээ эрсдэл мөн. Зуны халуун, өвлийн хүйтэнд хол зам туулж хоног сараар тээвэрлэгдэхдээ чанар байдлаа алдахгүй гэх баталгаа үнэндээ байхгүй. Хоол хүнсний аюулгүй байдал бол монголчуудын орших эс оршихуйн нэг шалтгаан гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй болов уу.
Мэргэжлийн болон хяналтын төв байгууллагууд нь төвлөрч байдаг болохоор Улаанбаатар хот хамгийн аюулгүй орчинтой байж болохоор. Гэвч тийм биш аж. Өчигдөр нэгэн ноцтой мэдээлэл дуулдлаа.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хас гоёл” ХХК цианид бодисыг их хэмжээгээр, хууль бусаар ашиглаж байсныг хууль хүчний байгууллагаас илрүүлсэн байна. Уг компанитай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ цианит бол зөвхөн тусгай зөвшөөрлөөр ААН, байгууллага ашигладаг. Цианит нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай химийн бодис тул холбогдох яам, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нарийн шалгуураар тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл яаж яваад ямар замаар захын компани ус шиг хэрэглээд явж байна вэ.
Сүүлийн үед гэр хороолол дунд байшин барилга баригдаж үйлдвэрлэл явуулж байна. Тэнд мэргэжлийн байгууллагын хараа тусч, хяналт хүрдэг эсэх нь эргэлзээтэй. Яг энэ "Хас гоёл” ХХК шиг алт мөнгөний дархан, урлал хийдэг компани Чингэлтэй дүүргийн 9-р хороонд гэр хороолол дунд өдөр шөнөгүй ажиллаж байх юм билээ. Тэр хавь хэр эрүүл аюулгүй орчин бол...
Монголчууд хэнэггүй талдаа ард түмэн. Энэ хэрээрээ амьдарч буй орчныхоо чанар байдлыг төдийлөн анзаараад байдаггүй байж магад. Гэвч хамар доор чинь аюул, хаяанд чинь хорт бодис байдгийг "Хас гоёл”-ын жишээнээс харж болмоор байна шүү.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/1h00g35gg