Бодлого үгүйлэгдэж, буланд орхигдсон боловсруулах үйлдвэрлэл

🕔 2017/06/21 09:53

 

Бид социализмын үед 6000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө 300 гаруй нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг болжээ. Учир нь, монголчууд 1990 онд чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр аж үйлдвэрийн салбар хувьчлагдаж, олон үйлдвэр үүдээ хаасан. Тиймээс 1985-1989 оныг хөнгөн ба хүнсний аж үйлдвэрлэлийн оргил үе гэдэг. Манай улсад өдгөө 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас 81 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эзэлж байна. Энэ салбарт 719 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 67 хувийг бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран аж үйлдвэрийн салбарын асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр Монгол Улсын хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн бодлогыг "өлгийтэй хүүхэд”-ийн хэмжээнд байгааг онцолсон. Тэгвэл яагаад үйлдвэржилтийн хөгжил 1990 оноос хойш саарах болов?

 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 49.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн орлого нэг их наяд төгрөгөөр давсантай холбоотой. Алт, молибдений баяжмал, буталмал чулуу, төмрийн хүдэр, нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдсэн бол, боловсруулах үйлдвэрлэлийн орлого буурсан үзүүлэлттэй байна.

 

Тухайлбал, энэ оны эхний таван сарын байдлаар барилгын модон хаалга, катодын зэс, зүсмэл материал, цонх зэрэг бүтээгдэхүүний үнэ 2-60 хувь хүртэл унажээ. Монголбанкнаас улирал тутамд гаргадаг эдийн засаг, санхүүгийн салбарын судалгаагаар өнгөрсөн оны хоёрдугаар улиралд боловсруулах үйлдвэрлэл 12 хувиар буурсан байна. Гэвч энэ үед дэлхийн олон орон хүнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэр, уурхай байгуулахаас татгалзаж, нүүрсний хэрэглээг танаж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нар, салхи, уснаас хангах нөхцөлийг бүрдүүлэхээр хичээж байна. Тэдгээрээс түүхий нүүрсний хэрэглээгээ танаж, хий, шингэн хэлбэрт боловсруулан байгальд нөлөөлөх хор хөнөөлийг багасгах шаардлагатай орнуудын эхэнд манай улс зүй ёсоор орно. Учир нь, өнөөдөр гэр хороолол хүрээгээ тэлж, агаар, хөрс, усны бохирдол аюулын хэмжээнд хүрснийг хүн бүр мэднэ.

 

Ийм асуудалтай тулгарсан олон орон бий. Тиймээс дэлхий дахинд "ногоон” хэрэглээг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулж эхэлсэн. Тиймээс ирээдүйд энэ салбарын эрчим хүчний үнэ буурч, нүүрсний зах зээлийн ирээдүйн төлөв өөрчлөгдөх нь тодорхой болж байна. 1980 онд нэг ватг нарны эрчим хүч 22 ам.доллар байсан бол өдгөө АНУ-д 2.7, манай улсад 15-18 центийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хугацаанд 20 дахин багасчээ. Тиймээс нарны үүсгүүрийн үнэ ирэх таван жилд 25, 2025 онд 40-60 хувь буурах магадлалтай байгаа тухай сэргээгдэх эрчим хүчний олон улсын байгууллагууд мэдээлээд байгаа юм.

 

Өдгөө дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хзлэлцээрт 196 улс нэгдэж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгож, хүлэмжийн хийг бууруулахаар зорьж буй. Ингэснээр юуны түрүүид байгаль орчинд хамгийн их хор хөнөөл тарьж буй уул уурхай. ашигт малтмалын салбарын түүхий эдийг боловсруулах, эсвэл олборлалтыг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай улс ч тус хэлэлцээрт нэгдсэн. Гэвч одоогоор Монгол Улсын уул уурхайн салбар нь экспортын орлогын 86, ДНБ-ий 18, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувийг бүрдүүлж. байгаа нөхцөлд хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарч байна.

 

ДУНД, ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 5.3 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Засгийн газраас 2015 онд аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого баталж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр тусгасан байдаг. Энэ хүрээнд 2030 он гэхэд боловсруулах аж үйлдвэрийн салбарын догоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг хоёр дахин нэмэхээр төлөвлөсөн. Бид чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил өнгөрсөн ч хоёрхон жилийн өмнө нэг үйлдвэрийн чиг баримжаагаа тодорхойлсон нь энэ. Уг бодлогын эхний шатыг 2015-2020 он хүртэл хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулан, техник, технологийг нутагшуулж, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан нь сонсоход урамтай сайхан мэдээ. Мөн хүнсний болон барилгын материалын 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээ таван хувь байсныг 6.5-аас 20 хувь болгон нэмсэн. Ингэснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулж, ажлын байр нэмэгдэх боломж багагүй нэмэгдсэн. Бид 1999 оноос импортын барааны татварт өөрчлөлт хийлгүй явсаар 2015 онтой золгосон нь энэ.

 

Боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 27 орчим хувийг бүрдүүлж байсан бол 2016 оны байдлаар 8.4 хувийг эзэлж байгаа нь хөрөнгө оруулалт хангалтгүй байгаатай холбоотой. Аливаа улс орон боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж байж л хөгжин дэвждэг. Гэтэл манайд байдал эсрэгээрээ болохыг дээрх үзүүлэлт харуулж байна. Бид сүүлийн 10 гаруй жил эдийн засгаа солонгоруулж, экспортын төрөл зүйлийг нэмэх тухай олон зорилт тавьсан ч бодит нөхцөл байдал дээр мөрөөдлөөс цаашгүй байгааг илтгэнэ. Тухайлбал, Монгол улсад нийт дунд, өндөр технологийн боловсруулах үйлдвэр нийт үйлдвэрлэлийн 5.3 хувийг бүрдүүлж байхад Японд 53, Сингапурт 73, ОХУ-д 23, БНХАУ-д 40 хувьтай байна.

 

"Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Манай экспортын хэмжээ нэмэгдсэн гэхээсээ илүү импортын хэмжээ буурч байна. Экспортын барааны төрөлд жин дарж буй нь нэхмэл бүтээгдщэхүүн юм. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь түүхий эд хэлбэрээр, анхан шатны боловсруулалт хийсэн төдий л гарч байна. Тухайлбал, экспортын нийт барааны 95 хувь түүхийгээрээ хилийн чанад руу ачигдаж байна. Ийм бүтээгдэхүүнийг технологийн агууламж багатай бүтээгдэхүүн гэдэг бөгөөд үүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр солих шаардлага бий. Ингэхийн тулд технологийн шинэчлэл хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаас гадна боловсон хүчний ур чадварт анхаарах шаардлагатай байна” хэмээсэн.

 

Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг дурьдвал, дөрвөн мянган тонн хиаман төрлийн бүтээгдэхүүн, 105 тонн нэгдүгээр гурил, 628 мянган ширхэг ноолууран сүлжмэл эдлэл, 484 мянган тонн самнасан ноолуур үйлдвэрлэжээ. Мөн 27 ам метр вакуум, цонх хаалга үйлдвэрлэж, 10 мянган зүсмэл материал, 13 мянган дэвтэр хэвлэсэн байна.

 

ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ШИЛ ШИЛЭЭ ДАРСАН Ч БОЛОВСРУУЛАЛТ ДЭЭР ГАЦАЖ БАЙНА

Ашигт малтмалын нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тиймээс бид өндөр технологи шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлж, үр ашиггүй зарцуулалтаа багасгах нь зүйтэй. Хүнд үйддвэрлэлийн хувьд нүүрс, төмөр, нефтийн нөөц ихтэй манай орон химийн үйлдвэр байгуулах нь тийм ч холын мөрөөдөл биш ч одоогоор нүүрсийг боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх химийн үйлдвэр байхгүйгээс болж тав, зургаан нүүрсний уурхай боловсруулах үйлдвэрээ хаахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн доктор, профессор Б.Энхсаруул "Ашигт малтмалын түүхий эдийг хямдхан техник, технологиор бага зардал гаргаж боловсруулах боломжгүй. Гэхдээ хийжүүлсэн нүүрсний борлуулах үнийг өсгөх боломжтой. Тухайлбал, өнөөдөр сайн чанарын коксжих нүүрсний нэг тонныг 70 гаруй ам.доллараар худалдаж байна. Тэгвэл бид нүүрсийг хийжүүлээд цахилгаан, шингэн түлш гаргавал нэг тонн нь 186 ам.долларт хүрнэ. Мөн дахиад илүү гүн боловсруулаад бордоо, устөрөгчийн бодис хийлээ гэхэд нэг тонн нь 254 амдолларын ашиг авчрах боломжтой. Тэгэхээр бид өөрсдийн үнэгүйдэж буй түүхий эдэд нэмүү өртөг шингээхийн тулд энэ чиглэлийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байна. Мөн нүүрс, нефтийн хүнд үлдэгдэл, хог хаягдлыг ч ус, уур, агаарын оролцоотойгоор молекулын түвшинд задалж, түүнд агуулагдах хэрэггүй, хортой хэсгийг ялган нийлэг хий хэмээх үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг. Мөн нийлэг хийнээс цахилгаан, шингэн түлш, бордоо, химийн төрөл бүрийн бодис үйлдвэрлэж болно. Түүнчлэн байгалийн хямдхан эрдэс болох төмрийн хүдрийг ашиглан нүүрсийг хийжүүлэх явцыг хурдасгаж, хүхэрт нэгдлийг гадагш дэгдээхгүй бариулах боломжтой. Тиймээс нүүрснээс гаргасан хий, шингэнийг цааш нь боловсруулж янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх химийн үйлдвэр зайлшгүй шаардлагатай. Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх нь эхэндээ зардал өндөртэй байж болох ч алсдаа эдийн засагт өндөр үр ашиг өгч. байгаль орчныг хамгаалах ирээдүйтэй салбар юм” гэв.

 

Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд боловсруулалт хийх нь хамгийн чухал асуудалд тооцогдож байна. Манай улсад жил бүр гурван сая хүн амын хэрэгцээнээс илүү гарсан 200 мянган тонн мах гардаг. Экспортлолоо гэхэд худалдаж авах улс олон байгаа ч боловсруулалт. эрүүл ахуйн шаардлага хангахгүй гацаанд орчихоод байгаа. Мөн монгол малын арьс, шир чанартайт тооцогддог учраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход зах зээл дээр эрэлттэй байх боломжтой. Энэ талаар Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан А.Бакей "Бэлчээрийн малын арьс, шир хачиг, шавьж зэрэг шимэгч амьтад гэмтээдэг учраас арьс, ширний чанар анхан шатандаа алдагддаг. Тиймээс арьс, ширээ зөвхөн анхан шатны боловсруулалт хийгээд орхихгүйгээр арьс ширэн эдлэлээр хийсэн брэнд бүтээгдэхүүн гаргахыг хичээх хэрэгтэй” гэв.

 

Тэгвэл газар тариалангийн салбарын хамгийн ургац ихтэй бүтээгдэхүүн болох улаанбуудайг зөвхөн гурил, тэжээл болгоод дуусгачихдагтүй байна. Био технологи, химийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад улаан буудайгаар хуванцар сав, машины дугуй хүртэл хийдэг байна. Мөн үрний тосноос нь маш өндөр үнэтэй тос гарган, эмчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг аж. Энэ мэтчилэн манайд боловсруулах үйлдвэрийг зогсоо зайгүй ажиллуулах түүхий эд хангалттай байна. Одоо зөвхөн төр засгийн зөв бодлого дор, хөрөнгө оруулалт; бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Манай улс уул уурхай давамгайлсан эдийн засгийн бүтцээс мэдлэг, технологид түшиглэсэн үйлдвэрийг бий болгож, түүхий эдээ ашигласан шиг ашиглах нөөц боломж, хангалттай бий.


Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


скачать dle 12.0

Санал болгох