Архинд биш метилийн спиртэнд хордож амиа алдсаар байх уу

🕔 2017/01/24 10:53

Архинд биш метилийн спиртэнд хордож амиа алдсаар байх уу

 

Архинд биш метилийн спиртэнд хордож амиа алдсаар байх уу. Андуурлаа андуурлаа гэхэд бүр техникийн спирт уух хүртлээ андуурна гэж байх уу. Үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр ийм ноцтой аймшигт хэргийг хэн нэгэн цаашлаад "хортой” архи худалдаалж бусдын аминд хүрсэн компаниуд буруугаа бусдад тохож бухаж байна уу гэсэн олон бүрхэг асуулт ургаж, хэн нэгнийг хардах хардлага төрж эхлэв.

Уг нь эрүүл бус сэтгэцийн өвчтэй биш мөн архинд донтоогүй л бол архи, техникийн спирт хоёрыг ялгаж салгамаар юм даа.

Тухайлбал, шинэ оны өмнө Дорнодод хэсэг залуус метилийн спиртыг архи хэмээн андуурч ууж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол, хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүрэгт хэдэн иргэн архинд хордож амиа алдсан билээ.

Энэ хоёр хэргийн тухайд тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна тачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж" ХХК-ийн 13 ажилчид үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, 4 хүн нас барсан билээ. Тэдгээр иргэд метилийн спиртийг архи гэж андууран уусан болохыг мэргэжлийн байгууллагаас эцэслэн тогтоосон юм.

Дөрвөн иргэн нас барж, 24 иргэн хордлого авч улмаар эмнэлэгт эмчилгээ хийлгэж бие нь дээрдэж эмнэлгээс гарсан юм. Харин 2017 он гараад удаагүй байхад ийм төрлийн хэрэг Нийслэлд дахин гарлаа.

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд таван иргэн хордож амиа алдсан. Энэ хэрэг гарсны дараа тухайн үед хэргийн газраас "Найрсаг” архины шилнээс гадна шил арчигч "Гайхмаараа” шингэний сав олдсон талаар албаныхан мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг шинжлүүлэхээр ШШҮХ-гийн лаборатори руу дээжийг нь явуулсан бөгөөд шинжилгээний хариу гарчээ.

Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэх урьдчилсан таамаглаж байсан ч албаныхан өчигдөр мэдээлэл хийв. Мэргэжлийн байгууллагуудаас шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийж "Нийслэлийн шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжилгээний эхний дүгнэлтээр нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрсэн. Эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгаа” гэлээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ, "Архинд хийсэн шинжилгээгээр аминд халтай зөрчил илрээгүй. "Жем интернэшнл”-ийн архинаас ямар зөрчил илрээгүй. "Мөнхжин од” компанийн "Найрсаг” архины үйлдвэрт шалгалт хийхэд хатуулаг хүрээгүй гэсэн хариу гарсан. Өөрөөр хэлбэл, шошгон дээрээ 39 гэж бичсэн хэрнээ яг шалгахаар 32, 33 байсан. Мөн технологийн зөрчлүүд илэрсэн учраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг нь зогсоосон. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэхээр ноцтой зүйл биш” гэлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга Ганбаяр "Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тогтоолын дагуу манай шинжээчид хэргийн газарт очиж, хувцанцар болон шилтэй шингэнээс дээж авч, шинжилгээнд өгсөн. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийж, хариуг нь мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Цогцсноос авсан урьдчилсан шинжилгээгээр цуснаас нь метиллийн спирт илэрсэн. Харин эсийн буюу нарийвчилсан шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна” гэлээ.

Ийнхүү албаныхны мэдээлж буйгаар архинаас биш метилийн спиртэнд хордож амиа алдсан гэх мэдээллийг өгөв. Харин энэ мэдээллийг талийгаачдын ар гэрийнхэн нь үгүйсгэж байгаа юм. Юутай ч архины үйлдвэртэй хувийн томоохон компаниудыг өмөөрч өөгшүүлсэн үү, эсвэл өөрсдийн буруугаас болж амиа алдсан уу гэдгийг нягталж хэлэх боломжгүй аж. Нөгөөтэйгүүр зөвшөөрөлгүй архины үйлдвэрүүдийг нийгмийн нэг хэсэг нь буруутгаж байна. Хүнээ бодсон үйлдвэрлэлээ дэмждэггүй, техникийн спиртийг архинд тодорхой хэмжээгээр найруулдаг гэсэн шүүмжлэл ч байна.

Цөөхөн хүн амтай монголчууд, цөөрч болохгүй улсууд метилийн спирт нэртэй "далд” архинд хордож амиа алдаад байвал юу болох вэ.

Тиймээс зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаагаа ил далд нууцаар явуулж буй хувийн гэх тодотголтой архины үйлдвэрүүдэд хийх шалгалтыг чангатгахыг хүсч байна. Учир нь Цагаан сар дөхөж байна, айл өрхүүд баталгаагүй, зөвшөөрөлгүй хувь хүний гар дээрээс зарагдаж байгаа "хортой” хямдхан үнэтэй архи худалдан авч олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг үгүйсгэхгүй юм.

О.Сайхан


 
скачать dle 12.0

Санал болгох