Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярт зориулав

🕔 2016/10/17 11:21

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярт зориулав

 

"-Суурь тавих ёслол яг энд болсон юм” гээд Адъяа гуай гараараа заалаа. Сэтгэл нь хөдөлсөн өвгөний нүдэнд оч гэрэлтэн гийх нь тун ч баяр хөөртэйн шинж. Бид хоёр "Хараа” зочид буудлын зүүхэн талд зогсоод ярилцаж байгаа нь энэ. Тэрбээр үргэлжлүүлэн "-Арван сарын 17-ны өдөр шүү дээ. Зөөлөн сэвэлзүүр салхитай өглөө байсан. Энэ харагдаж байгаа хэдэн байшингуудыг барина гээд газарт улаан шугам татчихсан. Их олон хүн цугласан, дийлэнх нь барилгын цэргүүд. Гуулин хөгжим хангинаад жигтэйхэн гоё. Тэгж байтал дарга нар ирцгээсэн. Би хөдөөнөөс ирсэн, дөнгөж арван наймтай болохоор тэднийг танихгүй. Манай ажлынхан надад "-Майдар дарга тэр байна” гэж сахалтай өндөр хүнийг зааж өгсөнийг л санадаг юм. Цуглаан эхэлж Монгол, Орос хэдэн хүн үг хэлсний дараа нэг партизан өвгөн аягатай сүү хадаг Оросын барилгын трестийн даргад өргөн барьсан. Хүмүүс алга ташин их л баяр хөөр болцгоож билээ...Одоо ингээд бодохоор би гэдэг хүн мөн азтай шүү. Дархан хотын суурийг тавьж түүхэнд үлдсэн тэр ёслолд энэ биеэрээ оролцсон гэхээр жил өнгөрөх тусам л сэтгэл хөөрдөг болж дээ. Нээрэн яалт ч үгүй ганцхан удаа л болоод өнгөрсөн үйл явдал. Их л ховор түүхийн гэрч юм даа” гэв. Дархан хотыг бүтээн босголцсон ахмад цахилгаанчин Цэрэнгийн Адъяа гуай ийнхүү хуучиллаа. 

Тиймээ, Бурхантын онгон зэлүүд хөндийд Дархан хотын суурийг ингэж тавьсан юм. Жаран нэгэн оны яг энэ өдөр дэлхий дээр олон үйл давхацсаны нэг нь хойд хөрш Орос улсын нийслэл Москва хотод уран барилгач М.В.Посохины зохиомжоор барьсан Кремлийн Их Ордон үүдээ нээжээ. Мөн энэ өдөр алс тэртээх Английн Ливэрпүүл хотын дөрвөн хөвүүний үүсгэсэн "Битлз” хамтлаг Девид Льюис театрт анхны концертоо тоглосон. Бас энэ өдөр Америкийн дуучин Чабби Чекер "The Twist” дуугаа анх дуулсан нь Твист бүжиг дэлхий даяар түгэх шуургыг хөөрөгджээ. Жаран нэгэн он ч өөрөө учир жанцантай. Энэ жил Оросын иргэн Юрий Гагарин хүн төрөлхтнөөс анх түрүүн сансарт ниссэн. Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Кеннеди тангаргаа өргөжээ.
Төрөлх Дархан хот маань  55 нас хүрлээ. Од эрхэсийн учралт эв эе хүч чадал оюун ухааны билигдэл оршсон таван хүн одтой жил тохиолоо. Монгол хүний эрхэмлэн хүндэлдэг өлзий дэмбэрэл бүрдсэн ой болж байна.
...Жаран оны эхээр манайд "Элсний арван гурав” гэдэг Оросын шинэ кино гарчээ. Дундад Азийн элсэн цөлд хувьсгалын эсэргүү нартай тэмцэлдэх арван гурван комиссарын адал явдал кинонд дүрслэгдэнэ. Кино гарсан үетэй давхцан Польшийн Радом хотын барилгын инженерийн сургуульд суралцаж дадлага хийсэн хэдэн Монгол залуус Силикатын үйлдвэрт хуваарилагдан Дархан хотод хөл тавив. Тэднийг ирэхэд говийн элсэн манхан дунд ороод ирэв үү гэмээр сонин орчин угтжээ. Уул шиг өндөр нуруулдсан элсэн овоо нь үйлдвэрийн үндсэн түүхий эд байв. Элсэн уулын наана яг арван гурван идэр эрс зэрэгцэн зогсоно. Энэ мөчөөс эхлэн тэднийг нөхөд нь наргиа болгон "Элсний арван гурав” хэмээн нэрийджээ. Польш улсын тусламжтайгаар байгуулагдсан Монголын анхны Силикатын үйлдвэрийн түүхэнд ч энэ л нэрээрээ мөнхөрчээ. Тэдний нэг нь Лхасүрэн гуай. Дархан хотыг Монголын бүх нутаг орноос залуус илгээлтээр ирж бүтээн босгосоны нэг нь. Тэр Өмнөговь аймгийн Сэврэй сумаас иржээ. Дарханы Силикат Чүлтэм, Лхасүрэн гэдэг хоёр хүнтэй холбоотой. Монголын Силикатыг үүсгэсэн зүтгэлээрээ Ашхүүгийн Чүлтэм Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртэж, Балчингийн Лхасүрэн Польш Улсын Засгийн Газрын загалмай одонгоор энгэрээ мялаажээ.  
Дарханы Цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Барилгын нэгдэл, Хүнсний үйлдвэр, Хонгорын сангийн аж ахуйг Орос ах нар, Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарууд, Цементийн заводыг Чехүүд, Мах комбинатыг Унгар нөхөд туслан байгуулсан. Дарханчууд бид И.В.Архипов, Г.П.Шарамков, А.Ф.Веренья, Г.П.Коёнман гээд урт хөврөх Орос хүмүүс, Станков Закаев тэргүүтэй Болгарууд, Сегецки Иштван ахалсан Унгарууд, Ян Соя нарын Польшууд, Ольдрих Ровенский инженертэй Чехүүдийн гавьяа зүтгэлийг санан дурсах учиртай.
Дархан хотын суурийг тавьж байх тэр өдөр төрсөн Очирын Тэгшжаргал хэмээх 55 настай идэрхэн эр Польш улсын эртний нийслэл Краковын их сургуульд математик мэдээллийн шинжлэх ухаанаар докторын зэрэг саяхан хамгааллаа. Энэ хүний ерөөл тавилан нь бүрдэж Дарханыг бүтээн босголцсон Польш ахан дуүсийн нутагт тэрбээр эрдмийн нэгэн оргилдоо гарах учиртай байж. Олон газраас ирж шинэ хотыг барьж босгон өрх гэрийн гал голомтоо бадраасан залуу гэр бүлээс мэндэлсэн Тэгшжаргалын нас чацуутан олон бий. Тэдгээр Дарханбат, Дарханцэцэгүүд өнөөдөр бүтээл авьяасаараа гялалзан төрөлх  хотынхоо нэрийг өргөж явна. Тэд хоттойгоо зэрэгцэн эрийн цээнд хүрчээ. Ид бүтээж туурвиж явцгаана. 

Дархан хот үйлдвэр уурхайгаараа манлайлахын зэрэгцээ оюуны чадавхиараа тэргүүлэгч. Монголын оюуны цар авьяасын сор болсон Хатанбаатар нэртэй хоёр залуу Дарханаас л өсөж өндийсөн. Шатрын их мастер Базарын Хатанбаатар, оюун ухааны академийг үндэслэгч Хандсүрэнгийн Хатанбаатар. Монгол Улсын долоон удаагийн аварга, шатрын олон улсын мастер Цагааны Батцэцэг. Математик санхүү бүртгэлийн улсын олон удаагийн аварга багш Цагааны Баттогтох.
Дархан цэвэр цэмцгэр охид хөвгүүдээрээ алдартай. Охидууд нь Монголын найман удаагийн тэргүүн миссээр тодорчээ. Дарханд байнга ирдэг байсан зохиолч С.Удвал гуай тэртээ 1978 онд  "Минжийн хангайн цэцэг шиг Магтаж ханашгүй гоё хүүхнүүдтэй...” гэж зүгээр ч нэг шүлэглэсэнгүй.  
...Жараад онд хуучин Дарханы Орос клубын ард ах нарын байгуулсан бүжгийн талбай дээр хагас бүтэн сайны орой болгон бүжиг болно. Банзан шалтай тэр хөөрхөн талбайг Орос Монголгүй л адилхан "Площадка” гэж нэрлэнэ. Хосоороо бүжиглэдэг бүжиг ихэнхдээ хийж байснаа гэнэтхэн хурдан ая явна. Орчин үеийн бүжиг гэж бараг гараагүй байсан үе. Хүмүүс нэг их гарч ирж бүжиглэхгүй. Тэгтэл хоёр гурван залуу гарч ирнэ дээ. Твист бүжиглэнэ. Бусад нь тэр бүжгийг мэдэхгүй болохоороо бүгдээрээ тэдэн рүү ойртож очоод шаваад тойрчихно. Хөдөлгөөнийг нь харж сониучирхаж байгаа нь тэр. Гэнэт цагдаа хүрч ирээд нөгөө бүжгийг чинь болиулна.Тэр үед твист бүжиглэх хориотой. Тийм л цаг байлаа. Тэр анх бүжиглэж байсан нөхдүүд чинь нөгөө Европ явж ирцгээсэн улс. Хорих тусам твист Дарханд улам хурдан дэлгэрсэн. Сүүлд далаад оноос нөгөө жаахан "Площадка” чинь оволзтол твист хийдэг болжээ.
Монголд домогт Битлз хамтлагийн дуунуудыг Улаанбаатарын дөчин мянгатынхан түрүүлж сонссон гэдэг. Тэгвэл Дарханд арай эрт сонссон. Учир нь Дарханаас олон залуус Европ явж Польш, Герман, Унгар, Чех, Болгарт үйлдвэрлэлийн дадлага хийж сурч ирцгээсэн. Тэд л тээж авчирсан шинэ соёлоо Монголдоо түгээсэн билээ.

...Олон хэлийн хүмүүс дээшээ тэнгэр лүү харан хашгиралдаж баяр хөөр боллоо. Төмөр хүний модерн хөшөөний хажууд хүмүүс дүүрэн цуглажээ. Хажуу бөөрөн дээрээ "DTK-2026” гэсэн гурван тод үсэгтэй улаан цэнхэр шар өнгийн гоё эрээн өнгөтөй асар том агаарын бөмбөлөг тэнгэрээс зөөлөн бууж ирлээ. Дэлхийн зургаан том төмөрлөгийн үйлдвэрийн нэг болох Дарханы металлургийн цогцолбор дээр болж байгаа таван тивийн ган хайлуулагч мэргэжилтнүүдийн чуулганы нэгэн  оргил ёслолын арга хэмжээ болж байгаа нь энэ ээ. Агаарын бөмбөлөг доошлон зөөлөн газардахад хурсан олон ярагдан зай тавьж өгөв. Бөмбөлөгний доод дөрвөлжин сагснаас ган хайлуулагчийн дуулга малгай өмссөн нүдний шилтэй намхан бор өвөө, буурал  үсээ илэн инээмсэглэн бууж ирэхэд нь хурсан олон уухайлан "Mongolia, Darkhan...” гэж уухайлан хүндэтгэл үзүүллээ. Монголын анхны ган хайлуулах үйлдвэр Дарханы Төмөрлөгийн Комбинатын суурин дээр байгуулагдсан Хойд бүсийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнийг дэлхий үнэлэн хүндэтгэж байгаагийн илрэл энэ ээ...” Санжаагийн Гаанжууржав гуай ингэж мөрөөддөг юм. Газарт тосон авсан тив бүрийн олон төлөөлөгчидтөй мэндчилсэн тэр хүн нь өөрөө билээ. Дарханы Төмөрлөгийн Комбинатыг үүсгэн байгуулагчдын нэгэн, Монгол Улсын Аж Үйлдвэрийн  Гавъяат ажилтан энэ хүндтэй эрхэмийн зөн хүсэл энэ. Дарханчуудын ирээдүйн мөрөөдөл ийм буюу.

 

Тавин таван нас хүрч буй төрөлх  хотын минь хүн зон Алунгоо эхийн таван сум мэт эв эеийг сахиж,  таван тансаг идээ будаагаа  дэлгэрүүлэн, тэгш таван хүсэл бүхэн нь биелэх болтугай! 

 

Гал мичин жилийн намрын адаг сарын билэгт шаргачин хонь өдөр.  
Бурхантын хөндий.

скачать dle 12.0

Санал болгох