📅

Г.ЭРДЭНЭБАТ: ИРГЭНИЙ СЭТГЭХҮЙГЭЭС ХОТЫН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ

🕔 2016/10/17 10:40

Г.ЭРДЭНЭБАТ: ИРГЭНИЙ СЭТГЭХҮЙГЭЭС ХОТЫН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ

 

Дархан хотын 55 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гомбожавын Эрдэнэбаттай ярилцлаа. 

-Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ой угтсан ажлуудаар яриагаа эхлүүлье?
Баярлалаа. Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхарын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн, Бурхантын хөндий хэмээх хоосон зэлүүд газар байгуулахаар шав тавьж байсан нь дөнгөж саяхан мэт санагдаж байна. Тэгвэл эдүгээ Дархан хот маань Монгол улсын аж үйлдвэрийн томоохон төв, нийгэм эдийн засгийн түшиц газар, улсын 2 дахь нийслэл болтлоо өргөжин тэлжээ.
УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль гээд цаг үеийн асуудлуудаас үүдэж ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд энэ жил харьцангуй оройтож эхэлсэн. Гэсэн ч бид сүүлийн хоёр сарын хугацаанд багагүй ажлуудыг амжууллаа. Тухайлбал Шинэ, хуучин Дарханыг холбосон авто замыг ашиглалтад орууллаа.Жишиг хороолол-4” төслийн ажил ид өрнөж байна. Алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлалаа. Ингэснээр гэр хорооллын иргэд шороо боссон, эвдэрсэн замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэж байна. Мөн гэр хорооллын төв гудамжууд үндсэндээ бүрэн гэрэлтүүлэгтэй болсон.
Барилгын салбарынхан Дархан хотын үүд, нүүр царай болсон "Дархан хаалга”-ыг сэргээн засварласан бол "Бурхантын хясаат” ХХК-ийн хамт олон авто машины зогсоолыг нь шинээр засварлаж, асфальтаар хучсан байна. 
Үүн дээр "Шарилжгүй Дархан” хөтөлбөрт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, хотоо цэвэр цэмцгэр байлгах, эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг хангахад гар бие оролцсон нь их ойн баяртаа зориулсан бэлэг хэмээн ойлгож байна.

 -Ойн баярыг Дарханчууд их өргөн хүрээнд тэмдэглэж байна. 
Мэдээж 55 жилийн ой гэдэг бол том баяр. Ойн баярыг нэг өдөр зохион байгуулаад өнгөрөх биш өргөн хүрээнд хүн бүрийг оролцуулсан, хүн бүрийг баярлуулсан урлаг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад ойн баярыг зохион байгуулах комисс ихэд анхаарсан.

-Та Дархан хотын удирдлагаар олон жил ажилласан хүний хувьд хотынхоо онцлог, цаашдын хөгжилд анхаарах асуудлыг хамгийн сайн мэднэ. Дарханы хөгжлийн чиглэлийг хэрхэн тодорхойлж байна вэ?
Манай хот бусад аймгуудаас дэд бүтэц, хүн амын төвлөрлөөрөө ялгарч, Монгол улсын хоёр дахь нийслэлд зүй ёсоор тооцогддог. Хэдийгээр шинэ Үндсэн хуулиар Дархан-Уул аймаг хэмээн нэрлэгдэх болсон ч хотын статусын бүх хэв шинж манай аймагт бий. 
Хүн амын 82.1 хувь нь хотын төвдөө байнгын оршин суудаг, үүний 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс бидэнд Дархан-Уул аймгаас хот болгон хөгжүүлэх хүсэл тэмүүлэл бий. 
Дархан-Уул аймгийг Хотын чиглэлээр, хөдөөгийн гурван сумыг тус бүрийн онцлогт нь тохирсон чиглэлээр хөгжүүлэх алсын хараа, боломж байна.
2012 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Дархан хотыг "Монгол улсын загвар хот” болгон хөгжүүлэх төслийг боловсруулах шийдвэр гарсан. Монгол улсын Шадар сайд ахалж, Хөгжлийн хороо байгуулан Дархан хотыг Ухаалаг хот болгох судалгааг эхлүүлсэн боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уг төслийг түр зогсоосон. Гэхдээ энэхүү төслийг үргэлжлүүлэх болно.
Улсын нийслэлд "Хүрээ соёл” гэдэг олон зуунаар дамжин өвлөгдөж ирсэн соёлын тухай ярьдаг бол шинэ залуу хотыг бүтээн босгосон илгээлтийн эздээс уламжлагдаж ирсэн Дархан хотын соёлыг өнөөгийн иргэд, өсвөр үеийнхэний амьдралын хэв маяг, аж төрөх ёсонд бат суулгахад онцгойлон анхаарах ёстой.

 -Дархан хотыг хөгжүүлэхэд нийгмийн ямар салбаруудыг хөгжүүлэх ёстой гэж та хардаг вэ? 
Орон нутгийн төсвөөс жижиг дунд үйлдвэрлэгчид болон томоохон ААНБ-уудыг дэмжих боломж өнөөдөр алга байна. Хамгийн гол нь Дархан хотын 10-20 жилийн дараах хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг өнөөдрөөс эхлүүлэхийн тулд Үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх нь чухал юм. Паркийн тухай хуулийг бид 2000 оноос хойш 10 гаруй жил ярьж, хөөцөлдсөөр 2013 онд Засгийн газраар батлуулж, ҮТП-ийг хөгжүүлэх тусгай зөвшөөрлийг нь авсан. 
ҮТП-ийг чөлөөт бүсийн хэлбэрээр тодорхой бүс нутагт хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл аливаа үйлдвэрлэлийг ҮТП-ийн бүсэд эрхэлбэл газрын татвараас чөлөөлөх, гаднаас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн худалдааны татвараас чөлөөлөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тухайн бүсэд борлуулбал тодорхой хөнгөлөлт эдлэх гээд үйлдвэрлэл, бизнесийн таатай орчин бүрддэг.
Саяхан Ерөнхий сайдыг манай аймагт ажиллах үеэр Дарханд эхний ээлжинд "Арьс ширний үйлдвэрийн нэгдэл”, "Орхон кластер” төслийг хэрэгжүүлэх тухай ярилцаж, тохиролцоонд хүрч чадсан
Мөн Дулааны станцын цахилгаан үйлдвэрлэх үйл явцад 7000 м3 уур хаягддаг. Тэгвэл арьс шир, хүнсний ногоо боловсруулахад аль алинд нь халуун уур хэрэгтэй. Тэгэхээр богино хугацаанд ашиглалтад ордог, бүтээгдэхүүн нь зах зээлд хурдан борлуулагддаг, ажлын байр олноор бий болгох эдгээр томоохон төслүүдийг Дархандаа татаж чадвал Хотоо хөгжүүлэх боломж бий гэж харж байна.

 -Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримтлаж байна вэ? 
Том үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлнэ гэвэл ойрын хугацаанд боломжгүй. Эдийн засгийн хүндрэлийг дагаад томоохон үйлдвэрүүдийн ажиллах нөхцөл хүндэрч байгаа учраас үүнийг даван туулахын тулд өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. 
Хамгийн зөв гаргалгаа нь түрүүний хэлсэнчлэн Үйлдвэр технологийн паркийг бүрэн утгаар нь хөгжүүлэх явдал. Паркийн хүрээнд орон нутгийн нөөц бололцоогоо ашиглаж хүнсний, оёдлын зэрэг үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл олон хүн ажлын байраар хангагдах боломжтой болно. ҮТП-ийн бүсийг Мангирт хорооллын наана байгуулахаар тодорхойлж, Тэргүүлэгчдийн хурлаар батласан.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. 
Дархан хотын шавыг тавилцаж байсан ахмадууд, бүтээн байгуулалтад оролцож байсан дунд үеийнхэн, ирээдүйн Дархан хотын эзэд, залуучууддаа Дархан хотын 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. 
Бид хотоо өнгөтөй өөдтэй байлгах, иргэдээ ая тухтай илүү сайхан орчинд ажиллуулж, амьдруулах, иргэд нь төрийн бодлого шийдвэрээ дэмжиж, санал санаачилгаа дэвшүүлж хамтран ажиллах ёстой.Төр, иргэний хамтын ажиллагааны үр дүнд Дархан хот маань улам цэцэглэн хөгжих болтугай.
Дарханчууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 
ЯРИЛЦСАН:Б.БОЛОРЦЭЦЭГ

MTA
скачать dle 12.0

Санал болгох