“Дархан хотын 100 эрхэм” ном бүтээв

🕔 2015/11/05 14:18

 

Найрамдлын хотын бүтээн байгуулалтанд оролцож алдар гавъяагаа дуурсган олонд танигдсан "Дархан хотын 100 эрхэм”-ийн тухай номыг хотынхоо 54 насны төрсөн өдрийг тохиолдуулан бүтээлээ. 


"-Харь холын од биш, хажууд  дэргэд  алхаж яваа, хамт ажиллаж аж төрж байгаа, нэгэн хотын бидэнд  ойрхон амжилтын эздийнхээ түүхээс бид эрч  хүч авцгаая” хэмээн номыг анх санаачлан гаргасан "Дархан нутаг” Төрийн бус байгууллагаас өмнөтгөл үгэндээ дурьджээ. Номын хуудас бүрийн толгойд хотынхоо сүлд хаан бугуйвчтай зэрэгцүүлэн "Амжилтын эздээр бахархаж шинэ түүхээ бүтээцгээе!” уриаг дээдэлжээ. Номонд шилж оруулсан зуун эрхэм хүмүүсээ чухамхүү Дархан хотын гэж онцолсон нь ч учиртай. Дарханыг одоо хэдийгээр аймаг хэмээн нэрлэдэг ч гэсэн Дарханчууд нь хот гэдэг дасал болсон уугуул нэрэндээ хайртай. Тэгээд ч номонд багтсан эдгээр эрхмүүд бүгд яахын аргагүй төрөлх хотынхоо хөгжилд өөрийн хувь  нэмрээ тодоор сийлсэн бахархам  үйлстнүүд байлаа.

Дархан үйлдвэрийн хот. Зуун эрхмийн эхний эгнээнд уул уурхай эрчим хүчний шилдгүүд манлайлжээ. Шарын голын уурхайн "БелАЗ” машины жолооч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Чимэд, Нэхий эдлэлийн  үйлдвэрээс оёдолчин Г.Амаржаргал Хөдөлмөрийн баатар, хотын гал голомт Цахилгаан станцаас инженер Г.Туяахүү, "Төмрийн оёдолчин” нэртэй гагнуурчин С.Эрдэнэ, "Силикат” хэмээн дуудуулдаг Б.Лхасүрэн, Цементийн машинист Ш.Нямсүрэн нар байна. Атарын анхны тракторчдын нэгэн Ж.Батдэлэг, Р.Хашбаатар, газар тариалангийн эрдэмтэн Д.Волоож нар удаалжээ. Дархан урлаг соёлоороо улсдаа нэртэй. Ийм учраас уран бүтээлч эрхмүүдээ дээгүүрт залав. "Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олонд  танигдсан Гавъяат жүжигчин  Ш.Дэлгэржаргал, Мандухай хатныг уран хөдөлгөөнөөр амилуулсан бүжигчин Л.Баттуул, жүжигчин "Равсал” панз Б.Магсаржав, поп дуучин Б.Сарантуяа орсон байх жишээтэй. Сараа Дархан хотын Орос дунд  сургууль дүүргэсэн  Бурхантын хөндийн унаган хүүхэд учир зуун эрхэмд шилэгдэх нь зүйн хэрэг.

Дархан алтан гартай олон сайн эмч нартай. Тэднээс мэсээр анагаах урлагийг төгс эзэмшсэн Т.Анигар, "Хүүхдийн” гэж дуудуулдаг Ч.Цэрэнжав эмчийг сонгон номонд дээдэлжээ. Дарханыхаа хорин хоёр мянган хүүхдийг эх  барьж авсан ачтай Дамдин ээжээ хүндлэн урьжээ. "-Хүүхэд байхдаа бид дэггүйтэн Цэнд-Аюуш гуайн их засваргүй 1 сая километр явуулсан нөгөө алдарт улаан "ЛаЗ” автобус, Сугар ахын урд шилэн дээрээ олон алтан одтой цэнхэр "ПаЗ” автобусанд 20 мөнгөний тасалбар авалгүй суучихаад дараагийн  буудал дээр хөөгдөн буудагсан” гэж Дархан хотын одоогийн залуу дарга нар наргиан болгон хуучилж номын баярт уригдсан тэдэн рүү хандан заалаа. Дархан хотын шавыг тавилцсан анхдагчдын төлөөлөл, хоёр дайнд оролцсон ахмад дайчин Д.Цэрэндаш гуай зуун эрхэмд жагсжээ. Дархан хотыг удирдаж явсан үе үеийн дарга нарыг Т.Цэвэгмид, Л.Амарсанаа нараар төлөөлүүлэн оруулжээ. Дархан хотын зуун эрхмийн зах зухаас нь нэрлэхэд иймэрхүү. Номыг цааш нь үзэхүл олон  сонирхолтой хүмүүс бий. Энэхүү түүхэн шастирын будаг нь хатаж амжаагүй шинэхэн хуудсыг уншигчид өөрсдөө нээж үзээд бусад эрхмүүдтэй нь уулзан мэндчилээрэй.

"Өлгий” дэлгүүрээрээ олон түмэнд танигдсан оёдолчин Ч.Жанчив сэтгэдлээ хуваалцан "-Дарханыг бүтээсэн гавъяатай олон мянган эрхэм хүнээс шилэгдэн зуутын эгнээнд нь хүндэтгэл хүлээн уригдсандаа баяртай байна. Энэ ном нь шинэ хот байгуулагчдын түүхийг хойч үедээ баримтаар нь өвлүүлэхэд тустай үйлс боллоо. Уншууртай сонирхолтой хэллэгээр бичигдсэн учраас энэ номыг хүүхэд залуус сонирхон танилцана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. "-Энэ ном нь Дарханы 100 мянган хүнд ухаарал хайрлаж, урам өгч, үлгэр дууриал болтугай” хэмээн ном бүтээгчдээс уншигчиддаа  хандан  ерөөв. Мэргэжлийн залуу сэтгүүлчдийн авъяаслаг баг Х.Түвшинтөгсөөр ахлуулан номон дээр ажилласан нь Д.Пүрэвсүрэн, Ц.Баттуяа,Р.Оюунцэцэг, М.Санчир,Б.Будхүү нар юм. Номонд орсон 100 эрхэмд "Дархан хотын бахархал” хүндэтгэлийн одонг "Дархан нутаг” Төрийн бус байгууллагын тэргүүлэгчид гардуулж баяр хүргэлээ.Номын хур дэлгэртүгэй!   

 

АЛУНГУА ЭХИЙН СУРГААЛЬ ХӨШӨӨНД МӨНХӨРЛӨӨ

"-Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөө Дархан хотын төв талбайд сүндэрлэлээ.

Дархан угаасаа эв нэгдлийн  билэг тэмдэг хот. Бурхантын зэлүүд хөндийд Монголчуудтай  хамт Орос,Польш, Болгар, Чех, Унгар хүмүүсийн гараар үйлдвэр уурхай байгуулахаас өмнө энэ нутгийн эрдэс баялгийг нь Германы хайгуулчид нээн илрүүлсэн түүхтэй. Ахан дүү бололцсон энэ олон орны хүмүүсийн бүтээн босгосон хотыг найрамдлын хэмээн нэрлэдэг нь ийм  учиртай. "Дархан нутаг" Төрийн бус байгууллагаас санаачлан Дарханчуудын эв нөхөрлөл, хамтын хүчийг эрхэмлэсэн сэтгэлийг билэгдэн "Алунгуа” эхийн хөшөөг "Дархан-50” цогцолбортоо заллаа. Хөшөөний нээлтэн дээр "Дархан нутаг" Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Мөнхдаш үг хэлэв. "-Монгол хүмүүст эв нэгдэл чухал үе ирлээ.Дарханчууд үүнийг үлгэрлэн дууриал үзүүлж чадна. Ах дүү анд нөхөд, танил дотно биш хүмүүс ч ялгаагүй бие биендээ эвсэг найртай хандацгаая. Эвийн хүчээр бүхнийг дийлэхийн утга учрыг илэрхийлдэг Алунгоо эхийн сургаальтай, Дархан нутаг эртнээс түүхэн холбоотой. Залуу Тэмүүжин тархай бутархай олон Монгол  аймгуудыг нэгтгэн  Их Монгол Улсыг байгуулахаар тэмцэж явсан Орхон, Сэлэнгэ, Хараа голын бэлчир нутгийн түмэн олон Алунгоо эхийн таван хөвүүндээ хичээнгүйлэн сургасан эв нэгдлийн үнэ цэнийг бүүр ч илүү ойлгох ёстой. Ингэсэн цагт бид Монгол түмний эв нэгдэлд тус хүргэнэ. Багцалсан таван сум мэт нэгдэж найрамдал нөхөрлөлийн хотын нэр төрөө хадгалцгаая” гэхэд хүмүүс уухайлан дэмжлээ.

Алунгуа эхийн хөшөөг уран барималч Ж.Нанзаддорж бүтээжээ. Тэрээр урьд нь Хэнтий аймгийн төв Чингис хотод Эзэн Чингис хааны морьтой хөшөө, Өэлүн эхийн дурсгалын цогцолборыг бүтээж олонд танигдсан уран  бүтээлч юм. Хөшөө нээгдсэн цагаас эхлэн энд ирэх хүмүүс олширч, хүүхэд  багачуудын  хөл нэмэгдлээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд анги хамт олноороо хөшөөний дэргэд цуглан багш нар нь Алунгуа эхийн сургаалын утга учрыг тайлбарлан таниулж байна. Дарханы 18-р цэцэрлэгийн багш С.Мөнхцэцэг хэлэхдээ "-Бага хүүхдүүдэд "Монголын Нууц Товчоо”-ноос уншиж ярих нэг хэрэг. Харин энэ хөшөө рүү ирж Алунгуа эх, таван хөвүүнийг нь нүдээр үзэж сургааль үгсийг нь ойлгож  мэдрэхэд хүүхдүүдэд их дөхөмтэй. Эв нөхөрлөлийн тухай нуршин ярихын оронд энэ хөшөөнд сэтгэл зүрхээрээ хүндэтгэл үзүүлэхэд л хангалттай” гэж байв. Хөшөөг харахад Алунгуа эхийн хайр энэрэл дүүрэн дүр төрх, өхөөрдөм хөөрхөн ахан дүү таван хөвүүний өөр өөр зан төлөв нь тун ч урнаар дүрслэгджээ хэмээн үзсэн хүмүүс үнэллээ.

Бурхантын хөндийн унаган нутгийн залуус үүсгэсэн "Дархан нутаг” Төрийн бус байгууллагаас төрөлх Дархан хотоо хөгжүүлэхэд олон бүтээлч ажил хийж байгаагийн нэгэн тод илрэл нь Алунгуа эхийн хөшөө боллоо. Энд ирсэн хүн болгон эв нэгдэл хичнээн чухал болохыг сэтгэлдээ мэдрээд буцах нь эргэлзээгүй.

Дархан хот.

Ө.РАГЧААСҮРЭН

скачать dle 12.0

Санал болгох