“Чандраян-3” Сарны гадаргуугийн зургуудыг илгээжээ

🕔 2023/08/21 03:34

ВАШИНГТОН. /CNN/. 
Энэтхэгийн “Чандраян-3” сансрын аппарат Саран дээр газардахын өмнө гайхалтай дүрсүүдийг дурандаа буулгасаар байна.“Чандраян-3” урьдчилан төлөвлөсний дагуу ажиллаж байгаа тухай Энэтхэгийн Сансар судлалын агентлаг /ISRO/ мягмар гарагт мэдэгджээ. Энэтхэгийн цагаар лхагва гаргийн 17:45 цагийн орчимд уг аппаратыг Сарны гадаргуу дээр буулгах ажиллагаа эхлэх ёстой.
 
 
 
Хэрэв энэ оролдлого амжилттай болбол Энэтхэг улс сансрын аппаратаа Сарны гадаргуу дээр зөөлөн буулгасан дөрөв дэх орон болно. Өмнө нь АНУ, Хятад, ЗХУ Саран дээр сансрын аппаратаа амжилттай газардуулаад байгаа билээ.
 
 
 
“ISRO” лхагва гаргийн 17:20 цагаас эхлэн газардах үйл явцыг шууд дамжуулан үзүүлэх ажээ. Мягмар гарагт тус агентлаг сансрын аппаратанд суурилуулсан камераар авсан гэрэл зургууд, дүрс бичлэгүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.  
 
 
 
Сарны гадаргуугаас дээш 70 км-ийн өндрөөс авсан нэгэн зурагт Сарны зах хэсэгт эртний астероидын мөргөлтөөс үүссэн “Mare Marginis” гэгддэг том хар толбо харагдаж байв. Мөн энэ сарын 20-нд Сар руу ойртож байх үед илүү ойрын цэгээс авсан өөр нэг зурагт Сарны тоостой саарал хэсгийг харуулжээ.
 
 
 
Сансрын агентлагийн мэдээлснээр, уг аппарат нь камерын авсан зургийг өөрийн компьютер дахь Сарны газрын зурагтай тааруулснаар байрлалаа өөрчлөх чадвартай ажээ. Санскрит хэлээр “сарны тээврийн хэрэгсэл” гэсэн утгатай “Чандраян”-ыг долоодугаар сарын 14-нд Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Андхра-Прадеш мужийн Шрихарикота арлаас хөөргөсөн билээ. 
Энэтхэг улс Саран дээр аппаратаа зөөлөн газардуулах оролдлогыг хоёр дахь удаагаа хийх гэж буй нь энэ юм. 2019 онд “Чандраян-2”-ыг буулгах анхны оролдлогын үеэр программ хангамжид доголдол гарч, буух үед тоормослоход хүндрэл үүссэний улмаас Сарны гадаргуу дээр унаж осолджээ.
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох