“Orion” хөлөг сарыг тойрох хоёр дахь нислэгээ хийнэ
ВАШИНГТОН. /NASA/. Америкийн “Orion” сансрын хөлөг Сарыг тойрох хоёр дахь туршилтын нислэгээ даваа гарагт хийснийхээ дараа дэлхий рүү буцна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээлжээ. NASA-ийн мэдээлснээр, сансрын хөлөг Сарны гадаргууд 129 орчим км зайд ойртох ажээ. “Orion” хөлөг 12 дугаар сарын 1-нд Сарны алслагдсан тойрог замаас гарах маневрыг амжилттай хийсэн байна. Америкийн сансрын хөлөг уг тойрог замд зургаан өдрийн турш байрласан бөгөөд сарны гадаргуу хүртэлх зай нь 85 мянга орчим км байжээ. “Orion” энэ тойрог замд байрласан нь хөлгийн хүчин чадлыг үнэлж, дэлхийгээс алс хол зайд системийг нь турших боломжийг олгосон гэнэ. NASA-ийн мэдээлснээр, сансрын хөлөг 12 дугаар сарын 11-нд Калифорни муж улсын эрэгт газардах юм.
Хөлгийн бүхээг дотор хүний биеийн хэмжээгээр хийсэн хиймэл хүнийг нисгэсэн бөгөөд ирээдүйд нисэх багийнханд үзүүлэх нислэгийн нөхцөлийн нөлөөллийг хэмжих мэдрэгчүүд суурилуулжээ.
“Orion” хөлөг Сарыг тойрох анхны автомат нислэгээ 11 дүгээр сарын 21-нд амжилттай хийж, манай гаргийн дагуулын гадаргуугаас 130 км-ийн зайд ниссэн байна.
Энэхүү хөлгийг 11 дүгээр сарын 16-нд Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөсөн билээ.
2025 он гэхэд Саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх Сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг болох туршилтын энэхүү нислэг нь “SLS” пуужин болон “Orion” хөлөг жолоодлогот нислэг үйлдэхэд бэлэн эсэхийг шалгах зорилготой байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг