Цөмийн зэвсгээс ангижрахыг Нагасаки хот дахин уриаллаа
НАГАСАКИ. /Kyodo/. Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөний 78 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр зохион байгуулсан ёслолын ажиллагааны үеэр тус хотын дарга цөмийн зэвсэгтэй улс орнуудад хандан "эр зориг гаргаж, цөмийн зэвсгээс ангижрахыг" уриалжээ.
Нагасаки хотын Дежима Мессегийн хурлын төвд болсон энэхүү ёслолын ажиллагаа нь 1963 оноос хойш анх удаа бөмбөг дэлбэрсэн газрын ойролцоох хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд бус харин байшин дотор зохион байгуулсан арга хэмжээ юм.
Ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулж, Ерөнхий сайд Кишида Фүмио болон гадаадын зочдыг урихгүй байх шийдвэрийг хотын захиргаанаас гаргажээ. Ингэснээр 1999 оноос хойш Японы засгийн газрын тэргүүн анх удаагаа Нагасакигийн ёслолд оролцсонгүй.
Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн нэг болох 85 настай Такеко Күдо уг ёслолын үеэр энх тайвныг уриалж үг хэллээ. Японы баруун нутгийн Хирошимад атомын бөмбөг хаяснаас гурав хоногийн дараа 1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөн билээ. Тус хотод 1945 оны эцэс гэхэд 74 орчим мянган хүн амиа алдаж, олон хүн амьдралынхаа туршид атомын бөмбөгийн үр дагаврыг амсан хэлмэгдсэн гэж үздэг.
Лхагва гаргийн 11:02 цагт буюу бөмбөг дэлбэрсэн мөчийг тэмдэглэн чимээгүй хүндэтгэл үзүүллээ. Энэ хот дайны үед цөмийн бөмбөгдөлтөд өртсөн сүүлчийн газар хэвээр байна. Нагасаки хотын дарга Широ Сүзүки “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээнд улс орнуудаар аль болох ойрын үед гарын үсэг зуруулж, соёрхон батлуулахыг” Японы засгийн газарт уриалжээ.
Ханун хар салхины улмаас энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулах газрыг өөрчлөх шийдвэрийг ням гарагт гаргажээ. Уг арга хэмжээг 1956 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1963 оны ёслол нь борооны улмаас байшин дотор болсон цорын ганц тохиолдол байв.
Энэ жилийн ёслолын ажиллагаанд дэлхийн 85 улс орны төлөөлөгчид, 2400 орчим зочдыг урьж оролцуулахаар төлөвлөж байсан боловч өнөөдөр хотын захиргааныхныг оролцуулаад 40 орчим хүн энэ арга хэмжээнд оролцжээ.
Хар салхины улмаас хотод их хэмжээний эвдрэл сүйрэл учирсан тул энх тайвны бусад арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Бага, дунд сургуулиудыг хааж, 9:00 цагийн орчимд хот руу орж гарах "шинкансен" хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ. Гуравдугаар сарын эцсийн байдлаар Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүний тоо 113,649 болж өмнөх оныхоос 5,346 хүнээр буурсан агаад тэдний дундаж нас 85-аас дээш байна.
Д.ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг