Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

🕔 2022/09/27 11:51

Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

 

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол өнөөдөр Токио хотноо болно. Энэхүү ёслолд 4000 гаруй хүн оролцох төлөвтэй байна. А.Шинзо долоодугаар сард сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан юм. Төрийн оршуулгын ёслолын үеэр Ерөнхий сайд Кишида Фүмио болон парламентын дээд, доод танхимын дарга нар, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар үг хэлнэ.
Мөн Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ А.Шинзогийн найз нөхдийн өмнөөс үг хэлэх ажээ. Харин олон нийтийн хувьд ёслол болох газрын ойролцоох тахилын ширээнд цэцэг тавих боломжтой байна. Энэхүү ёслолд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй дэлхийн 200 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Ерөнхий сайд К.Фүмиогийн хувьд гадаадын 40 орчим төр, засгийн тэргүүн нартай уулзахаар товложээ. 
Оршуулгын ёслол болох газрын ойр орчим, мөн гадаад улсын төлөөлөгчийн газрууд, хүндэт зочдын байрлаж буй газруудын аюулгүй байдлыг сайтар хангана. Төрийн оршуулгын ёслол зохион байгуулах Засгийн газрын шийдвэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэдний зарим нь ёслолын бүх зардлыг төсвөөс гаргаж байгааг зохисгүй гэж үзсэн байна.
“NHK” телевизээс энэ сард явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь нь ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний 72 хувь нь Засгийн газрын тайлбарыг хангалтгүй гэж үзжээ. А.Шинзод халдсан этгээдийг хэргийг газарт нь баривчилсан юм. Сэжигтэн мэдүүлэхдээ, А.Шинзог нягт холбоотой гэж боддог шашны бүлэглэлд дургүй байсан гэсэн байна. Түүний хэлснээр, ээж нь уг бүлэглэлд их хэмжээний мөнгө хандивласан нь гэр бүлийнх нь амьдралд ноцтой хохирол учруулжээ. “Эв нэгдлийн сүм” гэж нэрлэгддэг уг бүлэглэл нь дагагчдадаа эд зүйл худалдан авахыг албаддаг гэж буруутгагдсаар ирсэн байна. А.Шинзогийн амиа алдсан хэрэг уг бүлэглэлийн улс төрийн холбоо хамаарал, тэр дундаа эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогчдын холбоонд олон нийтийн анхаарлыг хандуулжээ. “NHK”-гийн сүүлийн санал асуулгад оролцогчдын 65 хувь нь Либерал Ардчилсан нам уг асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох