Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд цагаан будаг хэрэглэх санаа гаргажээ
2021 онд АНУ-ын Пердью их сургуулийн судлаачид манай дэлхийн хамгийн гүн цагаан өнгөтэй будгийг гаргаж авснаа зарлаж байжээ.
Уг будгаар будсан гадарга нарны гэрлийн 98 хувийг буцааж ойлгодог юм байна.
Ийм будгаар байшин барилгыг будвал дотоод орчны халалтыг багасгаж, сэрүүцүүлэгч ажиллуулах шаардлагагүй болохыг тухайн үед судлаачид тайлбарлаж байжээ.
Тэгвэл Калифорнийн их сургуулийн цахилгаан болон компьютерын инженерчлэлийн профессор Жереми Мундэй саяхан ийм будгаар дэлхийн гадаргуугийн тодорхой хэсгийг будах замаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх санааг Нью Йорк Таймс сонинд ярьсан байна.
Түүний тайлбарласнаар дэлхийн гадаргын 1-2 хувийг Пердьюгийн судлаачдын гаргаж авсан шиг цагаан будгаар бүрхвэл дэлхийн дулаарал зогсох боломжтой гэнэ.
Үүний улмаас буцаж ойсон нарны гэрэл сансрын уудамд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйг Мундэй баталжээ.
“Энэ нь далайд аяга ус асгасантай адил” гэж тэр зүйрлэсэн байна.
Гэхдээ түүний санааг хэрэгжүүлэхэд маш хэцүү, бараг боломжгүй юм.
Тухайлбал дэлхийн нийт гадаргын хэмжээ 510 сая км.кв орчим байдаг. Үүний ихэнх нь далай тэнгис юм. Мундэйн саналыг хэрэгжүүлбэл 5-10 сая км.кв талбайг супер цагаан будгаар будна гэсэн үг.
Зөвхөн АНУ-ын газар нутаг бүхэлдээ 9.8 сая км.кв юм.
Өөрөөр хэлбэл АНУ-ын нутаг дэвсгэртэй тэнцэх газар нутгийг бүхэлд нь цагаан өнгөтэй болгоно гэсэн үг ажээ.
Цагаан өнгийг халалтаас хамгаалахад хэрэглэх нь цоо шинэ зүйл биш. Халуун дулаан цаг агаартай бүс нутгуудад байшин барилгаа цагаанаар будах, цагаан өнгийн автомашин хэрэглэх үзэгдэл түгээмэл байдаг юм.
Гэхдээ энэ нь дэлхийн дулаарлыг зогсоох хэмжээнд хүрээгүй байна.
Эх сурвалж: Business Insider