Далай улам бүр ногоон өнгөтэй болж байна.
Далай улам бүр ногоон өнгөтэй болж байна. Юу нь буруу гэж бодогдмоор. Гэсэн хэдий ч эрдэмтдийн үзэж байгаагаар өнгөний ийм өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийн уршиг байж болох бөгөөд энэ нь гунигтай үр дагаварт хүргэж болзошгүй гэж үзэж байна.
АНУ, Их Британийн эрдэмтдийн баг сүүлийн 20 жилийн хугацаанд хиймэл дагуулаас авсан зургийн мэдээллийг судалсны дараа дэлхийн далай тэнгисийн гадаргуугийн 56 хувь нь илт ногоон өнгөтэй болсныг тогтоожээ. Энэ нь манай гаригийн хуурай газрын гадаргуугаас ч том талбай юм.
Ийм байдал 2002-оос 2022 он хүртэл халуун орны экваторын бүс нутагт бүс нутагт хамгийн их ажиглагджээ.
Фитопланктон сансраас иймэрхүү харагдаж байна. Энэ бол Финландын эргийн зураг юм
Эрдэмтдийн судалгааны үр дүнг "Nature" сэтгүүлд нийтэлжээ. Далайн өнгө нь усны гадаргуугийн давхаргаар тодорхойлогддог. Дүрмээр бол фотосинтезийн үйл явцад ногоон хлорофилл ашигладаг энэ давхаргад фитопланктон их байх тусам ус илүү ногоон болно. Харин эсрэгээр усанд замаг, микроб бага байх тусам хөх өнгөтэй болдог.
Фитопланктон нь нүүрстөрөгчийн хий буюу CO2-ыг шингээдэг тул манай гаригийн далай тэнгис нь энэхүү хүлэмжийн хийн асар том агуулах болж, дэлхийн дулаарлыг онолын хувьд хязгаарлаж байна.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар фитопланктоны концентраци ихсэх нь далайн экосистемд олон тооны сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд уршиг дагаврыг нь урьдчилан таамаглах боломжгүй.
Фитопланктон нь усны температур, түүний тунгалаг байдал, доторх шим тэжээлийн агууламжийг өөрчилдөг. Температурын огцом өсөлтийн үр дүнд фитопланктон нь усан дахь бүх хүчилтөрөгчийг шавхаж, үхмэл бүсүүдийг үлдээснээр маш гунигтай үр дагавартай болохыг судлаачид олон удаа ажигласан. Тийм нөхцөлд амьд организм оршиж чадахгүй.
Их Британийн Үндэсний далай судлалын төвийн доктор Б.Б.Кэлийн хэлснээр, далайд ажиглагдаж буй өөрчлөлтүүд нь дэлхийн дулаарлын үр дагавар бөгөөд энэ нь эргээд чулуужсан түлшийг идэвхтэй ашигласнаас үүдэлтэй юм.
"Ногоон далай бол хүний үйл ажиллагаа дэлхий дээрх амьдралд хэрхэн нөлөөлж, шим мандалд тусгадгийг харуулах нэмэлт нотолгоо юм" гэж эрдэмтэн бичжээ.
Эх сурвалж: ВВС