Салхи, нарны эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлжээ

🕔 2023/04/12 16:05

ЛОНДОН. /Anadolu/.
 Салхи, нарны эрчим хүчний үүсгүүрүүд өнгөрсөн онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 12 хувийг эзэлснээр түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Ember” эрчим хүчний судалгааны төвөөс лхагва гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. 2021 онд энэ үзүүлэлт 10 хувьтай байсан юм. 
“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх 10 жил үргэлжилж байгаа үед энэ нь олборлодог түлшний эрин үе дуусаж байгаагийн илэрхийлэл болж байна. Бид цэвэр эрчим хүчний эринд шилжиж байна” гэж судалгааны төвийн цахилгаан эрчим хүчний шинжээч Малгорзата Виатрос-Мотыка ярьжээ.
 
 
Энэхүү тайланд дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 93 хувийг бүрдүүлдэг 78 орны эрчим хүчний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 2022 онд салхины эрчим хүчний үүсгүүрүүдийн дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ 7.6 хувьд хүрч, өмнөх оныхоос 1 хувийн өсөлт үзүүлжээ. Салхины эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 17 хувиар өссөн нь Их Британийг бүхэлд нь хангах хэмжээтэй тэнцэж байна.
 
 
Харин 2021 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3.7 хувийг эзэлж байсан нарны эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 4.5 хувьд хүрч өссөн байна. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оныхоос 24 хувиар өссөнөөр /Өмнөд Африкийн эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангахуйц хэмжээгээр/ 18 дахь жилдээ дараалан хамгийн их өсөлт үзүүлсэн эрчим хүчний эх үүсвэр болжээ.
 
 
Нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээ өсөж байгаад Хятад улс хамгийн их хувь нэмэр оруулсан бөгөөд нийт өсөлтийн 37 хувийг дангаараа эзэлсэн бол АНУ 17 хувийг нь бүрдүүлсэн байна. “Global Electricity Review” тайланд дурдсанаар, өдгөө дэлхийн 60 гаруй оронд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнх нь 10-аас дээш хувийг салхи, нарны эрчим хүчний эх үүсвэрүүд бүрдүүлж байна.
 
Нүүрс цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байна 
Цэвэр эрчим хүчний бүх эх үүсвэр нийлээд дэлхийн цахилгаан эрчим хүчний 39 хувийг үйлдвэрлэснээр мөн л шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Түүнээс цэвэр эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох усан цахилгаан станцууд нийт үйлдвэрлэлийн 15 хувийг эзэлсэн бол атомын цахилгаан станцууд 9 хувийг бүрдүүлсэн байна.
 
Хэдийгээр цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн ч олборлодог түлшнүүд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 61 хувийг эзэлсэн хэвээр байна.
 
Тухайлбал, нүүрс нь дэлхийн цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэрийн байр сууриа хадгалж, 2022 онд нийт үйлдвэрлэлийг 36 хувийг эзэлжээ. Гэхдээ салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл өсөж байгаа нь нүүрсэн цахилгаан станцын үйлдвэрлэлийн өсөлтийг 1.1 хувьд хязгаарласан байна.  
 
Эрчим хүчний салбарын СО2-ын ялгарал өнгөрсөн онд “дээд цэг”-тээ хүрсэн байж магадгүй 
Дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс, хийн эзлэх хувь хэмжээ өндөр хэвээр байгаатай холбоотойгоор эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өнгөрсөн онд 1.3 хувиар өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн байна.
 
Цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэл нэмэгдсэн хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор СО2-ын ялгарал ийнхүү нэмэгджээ.
 
Хэрэв өнгөрсөн онд салхи, нарны үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг олборлодог түлшээр үйлдвэрлэсэн бол СО2-ын ялгарал 20 хувиар өндөр байх байсан гэж “Ember”-ийн судлаачид тооцоолжээ. Мөн цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгааг харгалзан 2022 онд эрчим хүчний салбарын СО2-ын ялгарал “дээд цэгтээ” хүрсэн байж магадгүй хэмээн таамагласан байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох