Саран дээр хэн түрүүлж буух вэ?

🕔 2023/06/07 14:55

БНХАУ, АНУ хоёр саран дээр хүн буулгах төлөвлөгөөнийхөө талаар ээлж дараалан зарлаж байсан нь саяхан мэт. Гэвч сарыг эзэмших өрсөлдөөн гараанаас гараад таван жил өнгөрчээ. Таван жилийн өмнө АНУ-ын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр Хятадын 2030 он гэж тодорхойлсон хөтөлбөрийг илт түрүүлж байгаа мэт санагдаж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэлтэй. “Artemis III” хөтөлбөр хугацаагаа хойшлуулж байгаа энэ үед Хятадын “Chinese Lunar Exploration Program” урагшилсаар. 
Хугацааны өөрчлөлт 
“Artemis” хөтөлбөрийг анх 2019 онд эхлүүлэхээр зарлаж байх үед АНУ бусад улсаас хамаагүй давуу байдалтай байв. Пуужин тээвэрлэгч “Space Launch System”-ийн хөгжүүлэлт төгсгөлийн шатандаа орсон байсан бол “Orion” сансрын хөлөг ч мөн бараг бэлэн болсон байлаа. Тиймээс АНУ сансрын нисэгчдээ 2024 онд саран дээр буулгах нь бодит мэт төсөөлөгдөж байсан. Таван жилийн хугацаанд буултын модуль болон дэлхийн дагуул дээр ажиллах сансрын нисэгчдийн тусгай өмсгөл бүтээх ажил үлдсэн байжээ. 
Гэвч дөрөв гаруй жилийн дотор нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. 
2022 оны арваннэгдүгээр сард “Orion” сансрын хөлөг тээвэрлэсэн “Space Launch System” тээвэрлэгч туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн. Харин энэ оны дөрөвдүгээр сард НАСА агентлагийн тэргүүн Билл Нелсон тус агентлаг хоёр сансрын нисэгчээ саран дээр 2025 оны сүүл эсвэл 2026 оны эхээр буулгахаар төлөвлөж байна хэмээн гэнэт мэдэгдсэн. 
НАСА агентлаг “SpaceX” компанитай “Starship Human Landing System” буултын модууль бүтээх, үйлдвэрлэх тухай гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Буултын модулийг тус компанийн “Starship” хэт хүнд сансрын хөлгийн хоёрдугаар хэсгээс бүтээх төлөвлөгөөтэй байжээ. Үүний тулд тусгай хөдөлгүүрээр тоноглож, тулгуур болон 50 м өндрөөс сансрын нисэгчийг сарны гадаргуу дээр буулгах системийн хэмжээг томруулах ёстой. 
“Starship HLS” модуль нисэгчгүй туршилтын нислэгээ төлөвлөгөө ёсоор 2024 онд гүйцэтгэх учиртай. Гэвч энэхүү модуль бүтээх үйл явц хуваариас хоцорч байна хэмээн шинжээчид үзэж байна. Одоогоор ирээдүйн буултын модулийн суурь болох “Starship” хөлөг нь хүртэл тойрог замд ганц ч нислэг үйлдээгүй л байна. Гэтэл тус хөлгийн сарны хувилбарыг угсрах, сансарт цэнэглэх туршилт хийх, сар руу туршилтын нислэг үйлдэх, буултын системийг мөн турших зэрэг олон ажил хүлээгдэж байна. 
2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Starship” сансрын хөлгийг хөөргөх оролдлого бүтэлгүйтэж, хөлөг газраас хөөрч, 39 км өндөрт хүрсний дараа хяналтаа алдсан тул газраас хөлгийг устгасан билээ. “SpaceX” компанийн мэргэжилтнүүд энэхүү туршилтыг бүрэн биш ч амжилттай хэмээн дүгнэсэн. Дараагийн туршилт энэ зуны сүүлээр төлөвлөгдөж байна. 
 “Starship HLS” модуль асуудалд орсон тохиолдолд НАСА агентлаг нөөц хувилбартай байх үүднээс өнгөрсөн тавдугаар сарын 20-нд “Blue Origin” компанитай гэрээ байгуулсан. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд саран дээр буулт хийх аппарат бүтээх тухай 3.4тэрбум ам.долларын гэрээг АНУ-ын сансар судлалын агентлаг “найдвартай байдлыг нэмэгдүүлэх” алхам хэмээн тайлбарлажээ. “Blue Origin” компани хоёр дахь нийлүүлэгчийн хувиар НАСА агентлагийн сансрын нисэгчдийг саран дээр хүргэх систем бүтээх болсон тухай зарлахад таатай байна хэмээн НАСА-ийн тэргүүн Билл Нелсон мэдэгдсэн билээ. 
Хожим нь “Space Launch System” пуужин тээвэрлэгчийн хөдөлгүүрт асуудал гарсан нь ил болсон. Пуужингийн суурь хэсэгт “Space Shuttle” хөтөлбөрөөс өвлөгдөн үлдсэн “RS-25” хөдөлгүүрийг ашиглахаар төлөвлөж байсан. Ингэснээр ихээхэн хэмжээний зардлыг хэмнэх боломжтой гэж үзэж байжээ. Гэтэл саяхан явуулсан шалгалтаар энэ санааг хэрэгжүүлэх боломжгүй болох нь тодорхой болжээ. Учир нь “Space Launch System” пуужинд тус хөдөлгүүрийг ашиглахад тохиромжтой болгон шинэчлэхэд хатуу түлшээр ажилладаг хурдасгуур зэрэгт багагүй асуудал үүсэх нь тодорхой болсон байна. Ийн ажил өрнөж эхлэх үеийн төсөв 2.5 тэрбум ам.доллароос 4.4 тэрбумд хүрч, өссөн нь хөтөлбөрийн хугацаа хойшлогдоход мөн нөлөөлсөн байна. 
Байр байрандаа 
Хятадын хөтөлбөрийн талаарх мэдээлэл харьцангуй бага. Хятадаас ирж буй бүхий л мэдээллээс үзвэл, хөтөлбөр идэвхтэй үргэлжилж байна. 2018 онд Хятадын сансрын нисэгчид 2030 он гэхэд саран дээр бууна хэмээн зарлаж байснаас хойш таван жилийн дараа ч хугацаанд өөрчлөлт гарсангүй. Харин ч эсрэгээр Хятадын тайконавтуудыг саран дээр буулгах төлөвлөгөө хуваарийн дагуу идэвхтэй хэрэгжиж буйг БНХАУ-ын сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар /CMSA/ баталсан. Хөтөлбөрийн төлөвлөгөө ёсоор Хятадын сансрын нисэгчид 2030 оноос өмнө саран дээр буух ба энэ нислэгт хоёр тайконавт оролцож, шинжлэх ухаан, судалгааны ажил хийж гүйцэтгэнэ хэмээн тус газар мэдэгджээ. 
Энэ мэдэгдэл гарснаас хоёр хоногийн дараа тус агентлагийн дэд захирал Ли Шицян Жючуань хиймэл дагуул хөөргөх төвд хэвлэлийн бага хурал хийж, энэхүү мэдээллийг баталсан юм. Тус хөтөлбөр нь 2030 оноос өмнө Хятадын сансрын нисэгчдийг анх удаа саран дээр буулгах, эрдэм шинжилгээний судалгаа явуулах, сарны гадаргуу дээр тодорхой технологи турших, сансрын нисэгчдийн багийн богино хугацаанд байрлах, шилжилт хөдөлгөөн хийх системийг боловсруулах зэрэг хүн, робот, технологийн цогц туршилтуудыг гүйцэтгэх зорилготой хэмээн Ли Шицян онцолжээ. Түүний хэлснээр, Хятадын тайконавтууд сарны хөрснөөс дээж авч, газар дээр нь зарим төрлийн судалгаа хийнэ. Ингэснээр дэлхий орчмын тойрог замаас алс сансарт нислэг үйлдэх эхлэлийг тавьж, сар болон нарны аймгийн үүсэл, хувьслыг илүү гүнзгий танин мэдэх боломжийг хүн төрөлхтөнд олгоно хэмээн тэрбээр онцолжээ. 
Энэхүү өрсөлдөөнд тэргүүлэгчдийн байр өөрчлөгдсөн гэж хэлэхэд эрт байна. Хятад улс таван жилийн өмнө маргаангүй мэт санагдаж байсан АНУ-ын давуу байдлыг бага багаар бууруулж байна гэвэл үнэнд нийцэх талтай. Сарны нислэгт зориулан бүтээж буй хэт хүнд “Changzheng 10” пуужингийн туршилт эхлэхэд Хятадын боломж илүү тодорхой болно. Харин бидэнд, ойрын жилүүдэд хүн сар руу нисэхийг нүдээр үзнэ хэмээн найдах л үлдэж байна.

https://news.zindaa.mn/4mes
скачать dle 12.0

Санал болгох