2023, 2024 он дэлхийн хамгийн халуун жил болж магадгүй
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Эль Нино үзэгдлийн улмаас дэлхийн дундаж хэм 2023 болон 2024 онд дээд хэмжээнд хүрч нэмэгдэхээр байгаа ажээ. Эль-Ниногийн үеэр экваторын дагуу баруун зүгт салхилах салхи удааширч, далайн гадаргын дулаан температурыг бий болгодог байна. Европын холбооны Коперникийн цаг уурын асуудал хариуцсан захирал Карло Буонтемпо "Эль Нино нь дэлхийн хэмжээнд хэт халалт үүсэхэд нөлөөлдөг. Хэт халалт 2023 эсвэл 2024 онд болох нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ. Дэлхийн хамгийн халуун жил нь 2016 он байсан бөгөөд Эль-Ниногийн хүчтэй үетэй давхцаж байжээ. Сүүлийн найман жил дэлхийн хамгийн халуун найман жил байсан нь хүлэмжийн хийн ялгаруулалтаас үүдэлтэй урт хугацааны дулаарал нэмэгдэж буйн илрэл гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Лондоны Империал коллежийн Грантхам хүрээлэнгийн ахлах багш Фридерик Отто Эль-Ниногийн нөлөөгөөр агаарын температурын өсөлт улс орнуудад аль хэдийн тохиолдож эхэлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг улам дордуулж болзошгүй, тэр дундаа хэт халуун, ган гачиг, ой хээрийн түймэр зэрэгт нөлөөлж болзошгүй гэв. Тэрбээр " 2023 он 2016 оноос ч илүү халуун байх магадлал өндөр байна. Учир нь, хүн төрөлхтөн чулуужсан түлшээ шатаасаар байгаа тул дэлхий дулаарсаар байна" гэдгийг тодотгожээ. Европт 2022 онд түүхэндээ байгаагүй халуун зун тохиосон бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ширүүн бороо Пакистанд гамшигт үер болж, хоёрдугаар сард Антарктидын далайн мөсний түвшин хамгийн доод түвшиндээ хүрчээ. Одоо дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.2 хэмээр өндөр байгаа аж.