CNBC: Дэлхий даяар цагаан будааны хомсдол нүүрлэнэ
Хятадаас АНУ, Европын холбоо хүртэл цагаан будааны үйлдвэрлэл буурч, дэлхийн нийт цагаан будааны 90 хувийг хэрэглэдэг Ази-Номхон далайн бүсийн 3.5 тэрбум гаруй хүний будааг худалдаж авах үнэ өссөөр байна.
Дэлхийн цагаан будааны зах зээл 2023 онд сүүлийн 20 жилийн хамгийн том хомсдолд орох төлөвтэй байгаа талаар “Fitch Solutions” мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн “Fitch Solutions Country Risk & Industry Research” байгууллагаас гаргасан тайланд цагаан будааны үнэ 2024 он хүртэл одоогийн дээд хэмжээндээ хадгалагдах төлөвтэй байгаа талаар дурджээ.
2023 он хүртэл цагаан будааны үнэ дунджаар нэг квт /hundredweight count/ буюу 45 кг орчим нь 17.30 ам. доллар байсан бол 2024 онд нэг квт тутамд 14.50 ам. доллар болж буурна гэж тайланд дурджээ. Cwt нь цагаан будаа зэрэг тодорхой барааны хэмжилтийн нэгж юм. 2023 онд дэлхийн хэмжээнд 8.7 сая тоннын хомсдол бий болно гэж тайланд дурджээ. Энэ нь дэлхийн цагаан будааны зах зээл 18.6 сая тонн алдагдалтай байсан 2004 оноос хойших хамгийн том алдагдалд тооцогдохоор байгаа аж. Цагаан будааны хомсдол Украинд үргэлжилж буй дайн, Хятад, Пакистан зэрэг цагаан будаа үйлдвэрлэдэг эдийн засагтай орнуудад цаг агаарын таагүй байдал үүссэнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны сүүлийн хагаст дэлхийн хамгийн том цагаан будаа үйлдвэрлэгч Хятад улсын тариалангийн талбайнууд аадар бороо, үерийн гамшигт нэрвэгджээ. Хөдөө аж ахуйн аналитик компани “Gro Intelligence”-ийн мэдээлснээр Хятадын цагаан будааны үйлдвэрлэлийн гол төв болох Гуанси болон Гуандун мужид хуримтлагдсан хур тунадасны хэмжээ сүүлийн 20 жилд тохиолдсон хоёр дахь өндөр үзүүлэлт болжээ. Үүний нэгэн адил дэлхийн цагаан будааны худалдааны 7.6 хувийг бүрдүүлдэг Пакистанд өнгөрсөн жил үерийн улмаас үйлдвэрлэл 31 хувиар буурчээ. Будаа бол эмзэг ургац бөгөөд Эль Ниногийн үйл явдлын үеэр ургац алдах магадлал хамгийн өндөр гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Рабобанк банкны ахлах шинжээч Оскар Тякра "Дэлхийн цагаан будааны үйлдвэрлэлийн алдагдлын нөхцөл байдал нь 2023 онд Индонез, Филиппин, Малайз, Африкийн орнууд зэрэг цагаан будааны томоохон импортлогчдын импортын зардлыг нэмэгдүүлнэ" гэжээ.