НҮБ: Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь ундны усны хангамжгүй
НҮБ-ын 45 гаруй жилийн хугацаанд болсон усны асуудлаарх анхны томоохон бага хурлын өмнөх өдөр гаргасан тайланд дэлхийн хүн амын 26 хувь нь буюу дөрөвний нэг нь ундны усны хангамжгүй, 46 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байгааг онцолжээ.
Тайлангийн ерөнхий редактор Ричард Коннор хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, зорилтуудыг биелүүлэхэд жилд 600-1 их наяд ам.долларын зардал гарахаар байна гэжээ. Уг тайланд дурдсанаар, сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд усны хэрэглээ жил бүр ойролцоогоор нэг хувиар нэмэгдэж байгаа бөгөөд хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлтийн улмаас 2050 он хүртэл мөн адил хурдацтай өсөх төлөвтэй байна. Аж үйлдвэрийн өсөлт, ялангуяа хотуудын хүн амын хурдацтай өсөлтөөс үүдэлтэй хөгжиж буй эдийн засагтай орнуудад эрэлт бодитоор нэмэгдэхээр байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд “Төв Африк, Зүүн Ази, Өмнөд Америкийн зарим бүс нутагт улирлын чанартай усны хомсдол нэмэгдэж байгаа аж. Дэлхийн хүн амын 10 хувь нь усны дарамт ихтэй эсвэл эгзэгтэй орнуудад амьдардаг бөгөөд 3.5 тэрбум хүн жилд дор хаяж нэг сар усны дарамттай нөхцөлд амьдарч байна гэж НҮБ-ын Боловсролын газраас гаргасан тайланд дурджээ.