Польш, Украин үр тарианы транзит тээврийг сэргээхээр тохиролцжээ

🕔 2023/04/19 15:33

ВАРШАВ. /Xinhua/. 
Украинаас Польшоор дамжуулан хийх үр тарианы тээвэрлэлтийг баасан гаргаас сэргээнэ гэж Польшийн Хөдөө аж ахуйн сайд Роберт Телус Украины талтай хоёр өдрийн хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ. “Украины нэг ч тонн үр тариаг Польшт үлдээхгүйн тулд ачаа тээврийг Польшийн нутгаар дамжин өнгөрөх үед тусгай электрон системээр хянана” гэж Р.Телус хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 
Польшийн Хөгжил, технологийн сайд Вальдемар Будагийн хэлснээр, тус улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн импортод тавьсан хоригоо хэвээр үлдээх хэдий ч дөрвөн боомт руу нь, мөн Европын бусад орнууд руу нутгаараа дамжуулан тээвэрлэхийг зөвшөөрнө.
 
Польшоор дамжин өнгөрөх үр тарианы тээвэрлэлтийг электрон “GPS” лацаар битүүмжилнэ гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Унгар, Словак улсууд мөн Польштой ижил төстэй импортын хориг тавиад байгаа юм. Польшт тариаланчид Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хямд үнэтэй байгааг эсэргүүцэн олон долоо хоногийн турш жагсаал өрнүүлсний дараа тэдгээр бүтээгдэхүүнийг импортлох, дамжин өнгөрүүлэхийг хориглосон билээ. 
Варшавт хэлэлцээ хийхээр айлчилж буй Украины Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Юлия Свириденко хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Бид Польшийн тариаланчдын нөхцөл байдлыг мэдэж байгаа, Польшийн тал ч мөн Украины тариаланчдыг ойлгож байгаа” гэжээ.
 
Гишүүн орнууд нь ийнхүү дангаар хориг тавьсныг Европын Холбоо /ЕХ/ шүүмжилсэн. ЕХ-ны төлөөлөгчид эдгээр арга хэмжээний талаар лхагва гарагт хэлэлцэхээр болсныг  тус холбооны өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна. 
 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох