Украинаас 15 сая тонн үр тариа экспортолжээ
КИЕВ. /Anadolu/. Украинаас үр тариа экспортлох гэрээний хүрээнд Хар тэнгисийн үр тарианы коридороор 15 сая гаруй тонн үр тариа тээвэрлээд байгаа талаар Туркийн Тээвэр, дэд бүтцийн сайд Адиль Караисмаилоглу ням гарагт мэдээллээ.
“Украины Одесса, Чорноморск, Южный боомтуудаас ням гаргийг хүртэлх хугацаанд үр тариа тээвэрлэсэн 585 хөлөг онгоц хөдөлсөн бөгөөд ачаа тээврийн хэмжээ 15 сая 80 мянган тонн даваад байна” гэж А.Караисмаилоглугийн мэдэгдэлд дурджээ.
Тодруулбал, арвай, улаан буудай, шар буурцаг, наранцэцгийн үрийн гурил, улаан буудайн хивэг, вандуй, наранцэцгийн үр, боловсруулсан холимог хүнс, чихрийн нишингэ, наранцэцгийн тос, рапс үр, эрдэнэ шиш, шар буурцгийн тос зэрэг 13 нэр төрлийн үр тариаг хөлөг онгоцоор тээвэрлэсэн байна. Тээвэр, дэд бүтцийн сайдын мэдээлснээр, 585 хөлөг онгоцны 200 нь Туркийн далбаатай юм уу тус улсын эзэмшдэг, үйл ажиллагааг нь хариуцдаг хөлөг онгоцнууд байсан бол нийт хөлөг онгоцны 171 нь Туркийн боомтуудад ачаа бараагаа тээвэрлэж авчирчээ.
Нийт ачаа тээврийн 15 хувийг Туркт авчирсан бол 12 хувь нь Африк руу, 29 хувь нь Ази руу, 44 хувь нь Европ руу тээвэрлэгджээ. Улсаар авч үзвэл Испани руу хамгийн их буюу 2.9 сая тонн ачаа тээвэрлэсэн бол Турк руу 2.2 сая тонн, Хятад руу 2.1 сая тонныг тус тус тээвэрлэсэн байна.
Энэ оны долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тариа экспортлох гэрээг Истанбул хотноо байгуулсан юм. Ийнхүү хоёрдугаар сард эхэлсэн Орос-Украины дайны улмаас зогсоод байсан үр тарианы тээвэрлэлтийг хянах зохицуулалтын төвийг Истанбул хотноо байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу үр тариа тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Украины Одесса боомтоос наймдугаар сарын 1-ний өдөр хөдөлсөн билээ.
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг