Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцжээ
ИСТАНБУЛ. /Reuters/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украины төрийн тэргүүн нартай Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар ням гарагт хэлэлцжээ. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээнд Турк НҮБ-ын хамтаар зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Москвагийн хувьд хүнс, бордооны экспортдоо илүү баталгаа эрэлхийлж байгаа бол Киев тээврийн зориулалтаар нээх Украины боомтуудын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа Р.Эрдоган, сөргөлдөөнийг хурдан зогсоохыг уриалаад, Москва Хар тэнгисийн үр тарианы коридороор илүү их хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Москваг бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чөлөөтэй экспортлох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Өрнөдийн орнуудад зарим хориг арга хэмжээг цуцлах шахалт үзүүлэхийг ОХУ-ын зүгээс НҮБ-д уриалсаар ирсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Р.Эрдогантай үр тарианы коридорыг өргөтгөх боломжийн талаар хэлэлцсэн” гэж “Twitter” хуудаараа дамжуулан ням гарагт мэдээлжээ.
Украин, Орос нь дэлхийн үр тарианы хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогчдын тоонд ордог. Энэ оны эхээр Украины боомтууд хаагдсанаас үүдэн дэлхийн хүнсний хямрал үүсэх эрсдэл үүсээд байсан ч Туркийн талын долоодугаар сарын сүүлээр зуучилсан гэрээ нөхцөл байдлыг намжаагаад байгаа юм. Кремлийн мэдээлснээр, В.Путин, Р.Эрдоган нар мөн Оросын байгалийн хийн экспортын баазыг Туркт байгуулах тухай Оросын саналын талаар хэлэлцсэн байна.
Э.Хуланэх сурвалж: "Монцамэ" агентлаг