“NASA” Ангарагийг судлах хөтөлбөрт зориулан цөмийн хөдөлгүүр туршина

🕔 2023/01/25 12:00

ВАШИНГТОН. /NASA/.
 Ангараг гараг руу сансрын нисгэгчдийг илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн хөдөлгүүртэй пуужинг бүтээх чиглэлд хамтран ажиллана гэдгээ АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/, Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны агентлаг /DARPA/ мягмар гарагт мэдэгдлээ. 
 
 
“NASA”-гийн мэдээлснээр, цөмийн хөдөлгүүртэй пуужинг ашигласнаар сансрын нисгэгчдийн сансарт аялах хугацааг богиносгож, тэдэнд учрах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой байна. Ангараг руу зорчих хугацаа урт байх тусам илүү их нөөц хангамж хийгээд бат бэх систем шаардлагатай тул энэ хугацааг богиносгох нь эн тэргүүний зорилтод тооцогдож байгаа ажээ.
 
 
 
“Бид урт хугацааны түнш “DARPA”-тай 2027 он гэхэд цөмийн дулааны хөдөлгүүрийн дэвшилтэт технологийг хөгжүүлэн турших чиглэлд хамтран ажиллана. Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар сансрын нисгэгчид сансар огторгуйд урьд өмнөхөөсөө илүү хурдан аялж зорчих боломжтой болох нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж “NASA”-гийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох