НАСА "ГАРАГ АНГУУЧЛАХ" САНСРЫН ХӨЛӨГ ХӨӨРГӨЖЭЭ
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг "гарагийн ангууч” сансрын хөлгийг хөөргөжээ.
"Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, "Falcon 9” пуужин нь гараг ангуучлах "TESS” сансрын хөлгийг тойрог замд оруулах аялалдаа орон нутгийн цагаар лхагва гарагийн 18:51 цагт гарсан байна.
"TESS” нь манай нарны аймгаас гадна орших, амьдрал байж болох гарагуудыг олж илрүүлэх зорилгоор "НАСА”-гийн хөөргөж буй хоёр дахь сансрын хөлөг юм. Үүнээс өмнө тус агентлаг 2009 онд "Kepler Space Telescope” сансрын хөлгийг хөөргөж байсан юм.
"TESS” сансрын хөлөг нь ирэх хоёр жилийн хугацаанд нарны ойролцоох хамгийн тод 200 мянган одыг болон тэдгээрийн эргэн тойрон дахь гарагуудыг судлах аж.
"Kepler Space Telescope” хөлөг нь сүүлийн есөн жилийн хугацаанд 2600 гарагийг олж илрүүлсэн байна. Харин өргөн өнцгийн дөрвөн камертай "TESS” сансрын хөлөг илүү олон гарагийг олж илрүүлнэ гэж НАСА-гийн судлаачид найдаж байна.
НАСА-гийн Астрофизикийн газрын захирал Пол Герц ярихдаа "Одоогоор нийтдээ 3700 гаруй гарагийг олж илрүүлээд байна. Цаана нь илрээгүй 4500 орчим гараг бий гэсэн тооцоо байна. Одоогоос 25 жилийн өмнө бид зөвхөн өөрийн нарны аймаг доторх хэдэн гарагаа л мэддэг байсан. Өөрөөр хэлбэл, манай нарны аймгаас гадна орших анхны гарагийг 25 орчим жилийн өмнө л олж илрүүлж байсан гэсэн үг” гэж ярьжээ.
24news.mn