PCR шинжилгээгээр баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байхаар болов
🕔 2021/09/10 12:52
Цаашид олон улсын жишгийг дагаж PCR шинжилгээгээр баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байхаар болсныг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, “Манай улсын хувьд PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлыг олон нийтэд мэдээлдэг. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагаас 8 төрлийн түргэн оношлуурыг баталсан. Орон нутагт хэрэглэж буй түргэн оношлуураар эерэг гарсан сорьцыг татаж авч шалгахад 11 оношлуураас нэг нь Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур байгаа юм.
Хурдавчилсан тестээр эерэг гарсан сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулахад хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг хариу өндөр хувьтай гарч байгаа нь эрсдэл үүсгэж байна. Цаашид олон улсын жишгийг дагаж PCR шинжилгээгээр баталгаажсан тоог олон нийтэд мэдээлнэ” гэв.Түүнчлэн тэрбээр шаардлагагүй шинжилгээг иргэд хийлгэхгүй байхыг иргэдэд уриаллаа. Учир нь, өдөрт шинжилгээнд зарцуулж буй 500-700 сая төгрөгийг цар тахлын эмчилгээндээ зориулах хэрэгтэй байгааг тодотгосон юм.