“Зөв монгол хүүхэд хөтөлбөр - Хүүхэд бүрийн хөгжилд” сэдэвт өдөрлөг болов
Дархан сумын 15 дугаар сургуульд энэ сарын 16-ны өдөр "Зөв Монгол хүүхэд хөтөлбөр – Хүүхэд бүрийн хөгжилд” сэдэвт өдөрлөг болж, эцэг эхчүүдэд үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус өдөрлөгт 1-12 дугаар ангийн эцэг эх асран хамгаалагч, багш, сурагчид нийт 500 гаруй хүмүүс оролцсон юм.
"Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл", "Авьяас", "Ном" гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу 2013-2016 оны хичээлийн жилүүдэд хэрэгжүүлж байна. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол нийгмийн орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршдог. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр 15 дугаар сургууль нь бага ангийн 9, дунд, ахлах ангийн 17 дугуйлан хичээллүүлж сурагчдын 45 орчим хувийг хамруулаад байна.
Энэ хичээлийн жилд 15 дугаар сургууль нь 1819 сурагч, 84 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жил бүр уламжлал болон явагддаг аймгийн олимпиадад 13 төрлөөр 8 багш, 26 сурагч медальт байранд шалгарчээ. Мөн төрийн ба төрийн бус байгууллагаас зохион явуулдаг олон уралдаан тэмцээнд тус сургуулийн сурагчид амжилттай оролцож байгаа тухай өдөрлөгийн үеэр эцэг эхчүүддээ танилцуулав. Тухайлбал: "Кенгуру” олон улсын математикийн олимпиадаас бага ангийн 56, дунд ангийн 10 сурагч мөнгө, хүрэл медаль хүртжээ. Сэтгэх чадварын их сорилгоос зургаан сурагч "Топ” үнэлгээ авсан, "Математикийн цаг” олимпиадад дөрвөн сурагч медальт байранд шалгарсан болон Монгол бичгийн "Тэргүүний уншигч” шалгаруулах аймгийн уралдаанд хоёр сурагч алт, мөнгөн медальт байрыг эзэлсэн зэргийг дурьдаж болно. Энэ нь "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн илрэл юм.
Мөн тус сургууль нь Дуэт болон олон хоолойн дуулаачдын "Полифони” наадам, загвар зохион бүтээх, загвар өмсөх төрлийн "NEW IMAGE” тэмцээн, анги хамт олноороо оролцдог математикийн "Стандарт” олимпиад зэрэг олон ажлуудыг аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж заншжээ.