Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч, хэргийн газар дээр 20 мөрдөгч ажиллаж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.
Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч обьектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Одоогийн байдлаар тус гал гарсан обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг 3 дахь өдрөө зохион байгуулаа.
Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар обьектыг үргэлжлүүлэн хамгаалалтад аваад ажиллаж байна.
Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд 5 давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 10 буюу өнөөдөр 6 давхарын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа.
Мэдээлэл бэлтгэсэн цагдаагийн ахмад Б.Төгсжаргал
Гэрэл зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон