Дэлхийн тусгай олимпоос Дарханы хүүхдүүд дөрвөн медаль хүртжээ
Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн тусгай олимпын наадам 3 сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод болжээ.Тус наадамд манай аймгаас оролцсон баг тамирчид 4 медаль хүртсэн аж.
Өнгөрсөн бямба гарагт Аймгийн засаг дарга С.Насанбат тусгай олимпийн наадмын баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Дэлхийн тусгай олимпын хөдөлгөөнийг Дархан-Уул аймагт түгээн дэлгэрүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Ялалт байгуулахад чинь бид тусалъя” төслийг JCI Дархан салбар байгууллага 2015 оноос хэрэгжүүлж 2017 онд анхны тамирчнаа оролцуулж байсан түүхтэй аж. Энэ оны 03 дугаар сард болсон тус наадмын Бадминтон, бүжгийн спортын төрөлд Энэрэл цогцолбор сургуулийн сурагч Б. Мягмарнаран, дэмжин тоглогч Од цогцолбор сургуулийн сурагч Г.Эгшиглэн нар амжилттай оролцжээ. Охидыг Дархан-Уул аймгийн Бадминтоны холбооны багш Б.Хувьтөгөлдөр дасгалжуулсан байна.
Бадминтоны ганцаарчилсан төрөлд Б. Мягмарнаран хүрэл медаль, Бүжгийн төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар Хүрэл медаль, Бадминтоны хосын төрөлд Хүрэл медаль, Бадминтоны холимог төрөлд Мөнгө нийт 4 медаль хүртсэн амжилтыг үзүүлж аймаг, улсынхаа нэрийг дэлхийд таниулжээ.
Эдгээр хүүхдүүдийг аймгийн Засаг дарга С.Насанбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан нар сурагчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл, мөнгөн шагнал, эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.
Дашрамд энэ удаагийн дэлхийн тусгай олимпийн наадамд 192 орны 7500 гаруй тамирчид оролцсон аж.