Н.Энхболд сайд аа, 19 настай цэрэг амиа алдчихлаа!!!

🕔 2019/01/24 10:41

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч энэ сарын 22-ны өдөр буюу мягмар гарагт золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаач өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан ирсэн 19 настай залуу байсан аж. Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад "Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Түүнчлэн энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч болохгүй гэх үүргийг ч өгсөн тухайг эх сурвалж мэдээлж бодит үнэнийг хэлэхээс татгалзсан юм.

Монголын Зэвсэгт хүчин энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй. Тухайлбал, амиа алдсан цэргийн ангийн захирагч нь хурандаа Доржсүрэнгийн Өлзийбаяр гэх эрхэм. Тэрбээр 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд тус ангийн хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатанд өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байсан билээ. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болж байсан түүхтэй. Энэ үйл явдлын дараа буюу 2017 оны наймдугаар сарын 24-ны өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авсан ч тэрбээр дахин 336 дугаар ангийн захирагчаар томилогдсон нь энэ юм.

Өөрөөр хэлбэл, осол аваар гарч цэрэг эндэх тоолонд БХЯ болон ЗХЖШ-ынхан асуудлыг өөрсдөөсөө бултуулж хэн нэгэн ангийн захирагч, ахлагч нарт хариуцлагыг үүрүүлээд өөрсдөө ял зэмээс мултардаг мэргэн түргэн аргатай болжээ. Нарийндаа тухайн ангийн захирагч, ахлагч нар бус БХЯ-ны удирдлагууд нэр бүхий дарга нартаа хариуцлага тооцож асуудлыг шийдэх ёстой баймаар.Гэтэл эрх мэдэл албан тушаалынхаа сэнтийгээс буух зүрхгүй том дарга нар доод тушаалынхан руугаа бурууг чихэж тэднээс хэл амгүй салахын тулд цол бууруулж нэг ангиас нөгөө анги руу шилжүүлсэн болж үүнийгээ хариуцлага тооцсон мэтээр олон нийтэд мэдээлдэгийн бодит баримттай жишээ нь хурандаа Д.Өлзийбаярын томилгоо гэрчилж байна.

Хамгийн харамсалтай нь цэргүүд маань Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан гашуудал тайлагдаагүй байхад цэл залуухан хөвгүүн амь насаа алдчихлаа. Энэ бүхний хариуцлагыг одоо хэн хүлээх вэ Н.Энхболд сайд аа. 
Уг нь эцэг, эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Өөрөөр хэлбэл, эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахгүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо Ерөнхий командлагч аа. Ямартай ч золгүй байдлаар амиа алдсан цэргийн талаарх дүгнэлтийг тэд яаж, ямар байдлаар гаргах бол гэдэг нь анхаарал татаж байна.

Р.Саруул

 

 


скачать dle 12.0

Санал болгох