УИХ-ын дарга М.Энхболд амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ

🕔 2017/04/12 19:39

УИХ-ын дарга М.Энхболд амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.04.12/ нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ,

-2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас цэргийн хоёр албан хаагч амиа алдсан байна. Тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Түүнчлэн цэргийн найман албан хаагч гэмтэж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Эдгээр албан хаагчдын эрүүл мэнд, эмчилгээний асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад УИХ-аас үүрэг болгож байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын баталсан төлөвлөгөөний дагуу болж байсан хээрийн сургуулийн үеэр, тайван цагт ийм явдал болж, эрдэнэт хүний амь нас эрсдсэнийг хариуцлагагүй үйлдэл гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ нь эл салбарт сахилга, хариуцлага суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон, буруутай хүмүүст хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга, хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад УИХ-аас мөн даалгаж байна гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

скачать dle 12.0

Санал болгох