ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ АА, ЭНХИЙН ЦАГТ ЦЭРГҮҮД АМИА АЛДСААР БАЙХ УУ

🕔 2017/08/29 10:55

ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ АА, ЭНХИЙН ЦАГТ ЦЭРГҮҮД АМИА АЛДСААР БАЙХ УУ

 

-Осолдсон гурван цэрэг өнгөрсөн хавар Увс аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн залуус аж-


Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 27-ны өдөр буюу ням гарагт 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэх ажилд томилогдож хадлан хадах газар руугаа явах замдаа Ховд аймгийн Мянгад сумын нутаг "Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон харамсмаар хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээллийг ням гарагийн үдээс хойш БХЯ-ны удирдлагуудад мэдэгдэж цэргүүд осолдсон газарт эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн ч мэргэжлийн туслалцаа төвөөс хүсжээ. Тухайлбал, ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга Бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн булгийн бүрэлдэхүүн осол болсон газар руу өчигдөр өглөө яаравчлан хөдөлж ослын газарт ажиллаж байгаа аж.

Ямартай ч осолдсон гурван цэрэг өнгөрсөн хавар Увс аймгаас цэргийн албанд татагдаж ирсэн залуус аж. Хэдийгээр осолдсон цэргүүдийг яагаад осолдсон талаарх дүгнэлт хийх нь эрт боловч үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь бас л асуулт болон үлдэж байна.

Тухайлбал, 2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр тус ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан. Тухайн үед энэ асуудлыг БХЯ-ны удирдлагууд нухацтай авч хэлэлцсэн ч хэн гэдэг даргад хариуцлага тооцож өөрийгөө буудаж гэмтээсэн цэрэг юуны улмаас өөрийгөө зэрэмдэглэх болсон талаарх дүгнэлт тодорхойгүй үлдсэнээр дээрх хэрэг аажимдаа мартагдсан.

Энэ мэтээр тоочоод байвал Зэвсэгт хүчинд маш олон ноцтой хэргүүд ар араасаа гарсан ч хариуцлагын асуудлыг хэрхэн шийддэг нь бүрхэг хэвээр үлдсээр байгаа юм. Яг үнэндээ БХЯ-ны удирдлагуудын зүгээс энхийн цагт хорвоогоос хальсаар байгаа цэрэг эрсийнхээ ар гэрээс хүлцэл өчсөн болж, хэдхэн төгрөгийн тусламж үзүүлээд тэднийг мартдаг нь бодит үнэн. Хатуухнаар хэлэхэд нэг цэрэг нас барлаа гэхэд гэр өгч, ар гэрийнхэнд нь тусалсан болсоор хэдий хүртэл явах вэ эрхэм дарга, сайд нараа.

Уг нь эх орныхоо төлөө зүтгэж явсан эр цэргийн амийг хэдэн өрөө байраар үнэлээд өнгөрөхөд ч чамлалтай. Өнөөдрийг аргацаасан биш ирээдүйг харсан алхам хийж байж батлан хамгаалах салбарын аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн чухал бус уу. Энэ удаад гурван цэргийн амь эрсэдсэн ч дараагийн удаа хэдэн хүн осолдож, эндэхийг хэн ч хэлж мэдэхгүй. 

Сүүлийн зургаан сард л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч цэрэг эрс гэмтэж бэртэж, нас барсан гэсэн тоон үзүүлэлт цагаан цаасан дээр хараар дурайж байгаа. Уг нь эдгээр залуус эр хүн болсных эх орныхоо төлөө хил хязгаараа хамгаална хэмээн итгэл дүүрэн цэргийн албанд мордсон залуус шүү дээ.

Гэтэл осол аваар гарч цэрэг эндэх тоолонд БХЯ болон ЗХЖШ-ынхан асуудлыг өөрсдөөсөө бултуулж хэн нэгэн ангийн захирагч, ахлагч нарт хариуцлагыг үүрүүлээд өөрсдөө ял зэмээс мултардаг мэргэн түргэн аргатай болжээ. Нарийндаа тухайн ангийн захирагч, ахлагч нар бус БХЯ-ны удирдлагууд нэр бүхий дарга нартаа хариуцлага тооцож асуудлыг шийдэх ёстой баймаар.

Гэтэл эрх мэдэл албан тушаалынхаа сэнтийгээс буух зүрхгүй том дарга нар доод тушаалынхан руугаа бурууг чихэж тэднээс хэл амгүй салахын тулд цол бууруулж нэг ангиас нөгөө анги руу шилжүүлсэн болж үүнийгээ хариуцлага тооцсон мэтээр олон нийтэд мэдээлдэг нь бодит үнэн.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 5-ны өдөр малаа хариулж явсан иргэн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, нэг нь шархадсан хэрэг гарсан.

Энэ асуудлаар тухайн үед БХЯ-ны удирдлагууд мэдээлэл хийхдээ "Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг" гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа "Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэх мэдээллийг өгч хариуцлагаас бултаж амжсан.

Тиймээс л усанд осолдсон цэргүүд яагаад осолдсон талаарх дүгнэлтийг тэд яаж, ямар байдлаар гаргах бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

 Өглөөний сонин
Р.Саруул



скачать dle 12.0

Санал болгох