Төр гэх дампууруулагч
Сэтгүүлчдэд зориулсан зар мэдээ дундаас "Монгол ньюс” мэдээллийн төвд зарлагдсан хэвлэлийн хурал анхаарал татав. Тэр нь "Монголын төмөр замын барилгачдын нэгдсэн холбоо" ТББ, "Монголын төмөр замын нэгдсэн холбоо" ТББ, үндэсний 13 компани хамтран хэвлэлийн бага хурал хийж, төрөөс мөнгөө нэхэх хурал байв.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 13 компани ул шорооны ажил гүйцэтгэсэн санхүүжилтээ авч чадахгүйн улмаас дампууралд ороод байна. Тиймээс тэд ажлын хөлсөө нэхэмжилж шүүхэд хандахаар болсон гэнэ. Бас Чингисийн талбайд 13 компанийн ажилтан, ар гэрийнхнийг оролцуулсан жагсаал зохион байгуулахаар шийдсэн тухайгаа хэвлэлээр дамжуулж, холбогдох хүмүүст хүргэхийг зорьжээ.
Энэ бол наад захын жишээ. Төрийн ажлыг өөрийн хөрөнгө, банкны зээлээр бүтээн байгуулчихаад эцэст нь хаалгаа барихад хүрээд буй олон байгууллага бий. Тэд Монголын төрд итгэж, бүтээн байгуулалтын ажилд оролцсон аж ахуй нэгж хохирох ёстой юу гэсэн асуултыг тавьдаг ч хариултыг нь авч чаддаггүй.
Улс их хашир хандана. Бүтээн байгуулалтын ажлаа хийлгэчихээд, улсын комисс хүлээн авсны дараа мөнгийг нь өгнө хэмээн асуудлын эхэнд их л нухацтай хандана. Гэвч төгсгөл нь байнгын луу унжаастай. Өнгөрсөн онд гэхэд 200 гаруй аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр барилга бүтээн байгуулалтын ажил хийсэн. Тэд бүгд л төрийг царайчилж, хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хүлээж буйгаа хэвлэлээр дамжуулж байв. Зарим нь байдаг бүхнээ банкинд алдахад хүрээд буйгаа, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй өр ширэндээ баригдсан талаараа ярьж байв. Төр яагаад ийм хаяа муутай юм бэ.
Өнгөрсөн 2015 онд нийт 5.5 их наяд төгрөгийн 14 төсөлд концессын гэрээ байгуулсан. Дахин 132 төсөлд концессын гэрээ байгуулахаар Хөрөнгө оруулалтын газарт хэлэлцээ хийж буйг мэдээлж байв.
Цемент, шохой, зэс молибденийг боловсруулах томчуудаас эхлээд зам барьж, барилга угсрах олон төсөл баталгаажсан. Компаниуд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулчихаад эцэст нь төрөөс мөнгөө авах нөхцөлтэйгээр. Гэвч энэ бүхэн өмнөх алдааг давтахгүй гэх баталгааг Монголын төр өгч чадахгүй. Учир нь өмнөх он жилүүдэд төрийн өмнөөс ажлыг нь хийсэн цөөнгүй байгууллага, аж ахуйн нэгжүүд мөнгөө авч чадахгүй, ядруухан нэг нь дампуурлаа зарлахад хүрээд буй. Тэр компани, аж ахуйн нэгж хаалгаа баривал арваас эхлээд 100 хүн ажилгүй болж, гудамжинд гарна. Ажилгүйчүүдийн хүрээ хэдий чинээ тэлнэ төдий чинээ төрийн үнэлэмж буурч, ачаа нь нэмэгдэнэ.
Уг нь төр, төрийн гэх тодотголтой бүхэнд хүмүүс найддаг, итгэдэг. Төр дампуурахгүй учраас бид дампуурахгүй гэж. Гэвч бодит байдал дээр төрөөс болж дампуурлаа зарлахдаа тулаад буй цөөнгүй тохиолдол бий. Олон шат дамжлагыг давж, эрх мэдэлтнүүдээс гарын үсгийг нь царайчилж, төрөөс мөнгө авна гэдэг чинь залхаан цээрлүүлэлт байхгүй юу гэж хэлэх хүн ч олон.
УИХ, Засгийн газар, төрийн яам, агентлагуудад сууж буй эрхмүүд зам тавьж, барилга барьж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр төрийн хар ажлыг хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн байгууллагууд л гүйцэтгэнэ. Харин өнөөдөр төр, хувийн хэвшил, бүтээн байгуулагчдын харилцаа итгэлцэлгүй, хэрүүл маргаан, шүүх цагдаагийн асуудалтай. Мөнгөө өгчихөөд ажлаа чанартай хийхийг шаардаж, эцэст нь хуулийн хариуцлага ярихад төрийг буруутгахгүй. Төр дампууруулагч биш ивээн тэтгэгч байвал хөгжил ойрхон ч юм билүү.
В.Хэрлэн
Эх сурвалж: Shuud.mn