Банк буюу байцаан залхаах газар
Эртний Хятадад "Зах дээр явахадаа мөнгөөрөө бүү гайхуул” хэмээн хэлэлцдэг байж. Харин манайд бол өөр. Зах дээр яваа нь бүү хэл төрийн томчууд нь хулгай хийсэн мөнгөөрөө ард түмэндээ гайхуулна. Оффшер дансанд байх мөнгөө мартана. Бүр аль улсын иргэн гэдгээ ч мэдэхгүй байх тохиолдол гарсан. Ард түмний төлөө гэж ярьдаг ч ард түмнээ хэрхэн амьдарч буйг мэдэдгүй хүмүүст ард түмний амьдрал өндрөөс харахад өнгөлөг харагдаад байдаг бололтой. Үнэндээ бурхан зурж буй хүн зурж буй бурханаа шүтдэггүйтэй адил ард түмэн гэж ярьдаг төрийн сайдуудын ой санамжаас ард түмэн гэх үг "delete”-лэгдээд удаж буй бололтой.
Төрийн томчууд хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгч болно. Харин иргэд нь хэрхэн хөрөнгөтэй болсноо нотлох шаардлагатай. Төрийн томчууд мөнгөтэйгээрээ гайхуулж болно. Харин ард түмэн мөнгөтэй бол байцаалт өгөх болно. Төрийн томчууд нэг нэгэндээ хаус, үнэтэй жийп, эдлэн газар бэлэглэж болно. Харин иргэд нь нэг нэгэндээ мөнгө өгсөн, авсан бол иргэний үнэмлэх, баримт бичигтэйгээ очиж баталгаажуулна.
Ингэж хардах үндэс банкинаас зээл авах гэж хөөцөлдснөөс эхлэв. Банкинаас зээл авах гэж очсон иргэнээс тухайн банк хэдэн төгрөгний зээл, ямар барьцаатайгаар, хэдий хугацаанд, юуны зориулалтаар авах гэж байгааг тодруулж, зээлийн анкет гээчийг бөглүүлнэ. Зээлийн анкет, бичиг баримтаа бүрдүүлээд очиход дахиад нэг юм заавал дутуу байна. Энэ бол аль ч банкинд, ямар ч хадгаламж зээлийн хоршоонд очиж байгаа иргэнд хамгийн түрүүнд тохиолдох даваа гэж зээл хөөцөлдөгч иргэд өгүүлэх юм билээ.
Дараа нь зээлийн барьцаа болон, элдэв бичиг баримтыг тань шалгана. Таны Нийгмийн даатгалын дэвтэрт байх сар бүрд нийгмийн даатгалд төлсөн мөнгөн дүн банкинаас тавьж буй шалгуурыг хангана гэдэг ер нь л бүтэхгүй талдаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь хэрэв та банкинаас их хэмжээний зээл авах гэж байгаа бол хамгийн багадаа таны сарын орлого таван саяас багагүй байх шаардлагатай. Гэтэл сард таван сая төгрөгний цалин авдаг хүн Монголд байдаг гэх нь эргэлзээтэй. Нэгэнт нийгмийн даатгал гэгч бүх цалинг тодорхойлоод өгч буй тул зээлийн барьцаанд тавьж буй эд хөрөнгийг тань үнэлнэ. Хэрэв таны зээлийн барьцаанд тавьж буй хөрөнгө зээлэх мөнгөн дүнгийн тань хэмжээнд хүрч байвал
-Та энэ эд хөрөнгөө ямар эх үүсвэрээр, хаанаас авснаа нотол гэнэ. Энэ бол хэцүү даваануудын хоёр дахь даваа. Хэрэв энд, тэндээс зээлээр авсан гэж хэлбэл таны зээл авах хөг өнгөрөнө. Та ямар ч их орлогтой, хувиараа бизнес хийдэг байсан ч таны орлого заавал ямар нэгэн банк, элдэв бичиг дансаар заавал баталгаажсан байх ёстой. Гэтэл энэ бүхнээ баталж чадахгүй бол танд эцэг өвгөдөөс өвлөсөн гэсэн нэг гарц бий. Хэрэв эцсийн энэ гарцыг сонгосон тохиолдолд хэн хэрхэн өвлүүлснийг нотлох шаардлагатай болно.
Миний өвөөгийн өвөө Дондог гэж хүн байгаад тэр хүн нутгийнхаа Балдан гэдэг хүнээс зээл аваад, тэр зээлээрээ Даашинхүүгийн пүүсээс торго худалдаж аваад, торгоо тийм хошуунд аваачиж зараад гэхчилэн үлгэр зохиохоос л наахнуур юм болно. Дараа нь миний өвөө, өвөөгөөс аав өвлөж аваад яасан, ийсэн гээд л хөвөрнө. Мэдээж, төрд ажиллаад орон сууц авсан, энэ тэр гэвэл банкныхан үнэмшинэ гэж бодож байна уу. Ёстой л лөөлөө гэдэг чинь тэр дээ.
Бараг л энэ чинь хулгайн эд зүйл бус уу гэх нь холгүй хандана. Заримдаа би зээл авах гэж байгаа бил үү Эрүүгийн цагдаад байцаагдаж байгаа бил үү гэж эргэлзэж, гайхах, айх хэмжээнд хүрнэ.
Энэ бүхэн зөвхөн надад тохиолдоод байна уу гэсэн үгүй юм аа. Орон сууцны татварын хөнгөлөлтөд хамрагдах гэсэн нэгнээс
-Та картны дансанд байгаа мөнгөө хаанаас, хэнээс, хэрхэн авснаа нотол гэсэн тохиолдол ч байна. Дөнгөж хуримаа хийсэн хосууд ах дүү, амраг садан, танил тал, найз нөхдийнх нь өгсөн мөнгөө банкинд хадгалуулах гээд очтол
-Танд ямар, ямар хүмүүс хэдий хэр хэмжээний мөнгө өгснийг паспортынх нь дугаартай, иргэнийх нь үнэмлэхний хуулбартай авчирч баталгаажуул гэсэн байх юм. Банк гэдэг байцаалт өгөх газар болоод байна уу мөнгө хадгалах, арилжах, өсгөх газар болоод байна уу учрыг нь олохоо болив.
Тэгэхээр иргэн танд одоо банкинаас зээл авах болон амьдралаа баталгаатай болгохын тулд төрд ямар ч хамаагүй аргаар ажилд орж төрөөс хулгай хийх зам л үлдэж байна.Төр таны мөнхийн батлан даагч байх болно. Төрийн албан тушаал гэдэг их, бага, хүчтэй, хүчгүйдээ биш хамгийн гол нь таны хамгаалагч байх үүрэг хүлээдэг болсон байна.
Т.Цас
bataar.mn