А.Энхболд: Гурван улсын эдийн засгийн хөгжлөөс хөрөнгө оруулалт татахад анхаарч байна
Монгол, Хятад, Орос улсын хотуудын дарга нарын уулзалтад "Ази, Европыг холбосон эдийн засаг, аялал жуулчлалын коридорт хэрхэн хамтран оролцох боломж, гарцын талаар” илтгэл тавьсан Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч А.Энхболдтой ярилцсанаа хүргэж байна.
-Цайны зам дагуух хотуудын дарга нарын дээд хэмжээний уулзалтад Монголоос оролцсон төлөөлөгчдийн нэг нь Та юм байна. Уулзалтын онцлог, гол ач холбогдол нь юу байсныг сонирхуулахгүй юу?
-Цайны зам дагуух хотуудын дарга нарын уулзалтаар Ази, Европыг холбосон эртний цайны замыг сэргээх, худалдаа эдийн засгийн эргэлтийг хурдасгах асуудлыг хэлэлцсэн. Хойд, өмнөд хоёр хөршийн худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг тэлэх гол гарц нь Монголоор дамжих цайны зам. Тиймээс дөрөв дэх удаагийн цайны зам уулзалтаар "Янь Шаний тунхаглал” гаргаж, гурван улс хамтран аялал жуулчлал, эдийн засаг, соёл, энх тайван, найрамдлын харилцаагаа бэхжүүлэхээр болсон нь уулзалтын үр дүн байлаа. Мөн Монголын Энхтайван, Найрамдлын Байгууллага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Оросын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гурван талын найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Цайны зам олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулж, Торгоны замын дараа Европ тивийг Ази-тивтэй холбосон хоёр дахь олон улсын худалдаа, соёлын зам бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын соёлын солилцоо, эдийн засгийн хөгжлийг уялдуулсан "Зууны зам”-ыг цогцлоох зорилготой юм.
-Та илтгэл тавьсан гэсэн. Ямар байр суурь илэрхийлэв?
-Миний хувьд өөрийн аймаг, хотыг Түмэн газрын цайны зам дагуух хотуудтай хэрхэн "Нэг бүс нэг зам” стратегийн бодлого, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд холбон оролцох асуудааар илтгэл тавьж байр сууриа илэрхийлсэн. Ер нь сүүлийн үед БНХАУ, ОХУ-ыг хамарсан эдийн засгийн коридор, үүнийг дагаж хөгжүүлэх асуудаыг их ярьж байна. Талын зам, Торгоны зам гэсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд Нефтийн хий хоолой, Хурдны зам, Хурдны төмөр зам, Шилэн хурдны сүлжээ гэх зэрэг таван том төсөл хэрэгжих юм. Энэхүү том төслийн зангилаанд Дархан-Уул аймаг маань оршиж байгаа. Тэгэхээр энэ төсөлд хэрхэн яаж оролцох вэ, хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэгт Дархан-Уул аймаг анхаарал хандуулах нь чухал болоод байна. Манай аймгийн хувьд хөгжлийн дөрвөн чиглэлд хөгжинө гэсэн зорилго зорилтыг илтгэлдээ дурдсан.
-Тухайлбал?
-Төмөрлөгийг дагасан нүүрс, төмрийн хүдрийн ордоо түшиглэж, кластер маягаар хөгжуүлэх төсөл, барилгын материал үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дээр нь газар тариалан, агро паркийн хүрээнд хөгжих хөгжлийн гарц байна гэж харж байгаа. Экспортын чиглэлийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бас байгаа.
-Тэгвэл эдийн засгийн цаашдын үр дүн, боломжийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Зам дагаж хөгжил ирдэг гэж үг бий. Манай аймаг Улаанбаатар хоттой ойр оршдогийн хувьд хурдны замуудтай холбогдвол зам дагасан олон боломж бий болно. Жишээлбэл, "Дархан Үйлдвэр Технологийн парк”-ийн үйл ажиллагааг зөв голдиролд оруулах нь чухал байна. Парк тусгай зөвшөөрлөө 2012 онд авсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна. Иймд бүтэц хэлбэрийг нь тодорхой болгож, хувь, төрийн хэвшил орсон менежмент хийхээр зөвлөх багийн туслалцаа авч ажиллаж байна.
-Танай аймаг хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтуудын талаар санал солилцов уу?
-Мэдээж төсөв хөрөнгө хүнд байгаа энэ үед гадны хөрөнгө оруулалтыг татах нь тун чухал. Ийм учраас энэ сарын 28, 29-ний өдрүүдэд "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форумыг аймагтаа зохион байгуулахаар санаачлан бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ үеэр аймаггаа хэрэгжүүлэх бодлого, дугуйн зам, ногоон орчин, Дархан үйлдвэр технологийн парк зэрэг тодорхой төслүүдээ танилцуулахаар төлөвлөж байгаа. Уулзалтад орсшцсон хотуудын дарга, бизнесийн төлөөлөгчдийг бизнес форумдаа оролцохыг урьсан. Мөн Хятад улсын НАРИ группийн дэд ерөнхийлөгчтэй уулзаж, ДДЦС-аас гарч байгаа үнсийг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар анхны яриа хэлцлийг хийсэн байгаа. Форумын үеэр гэрээ хэлэлцээрийг албан ёсоор байгуулна. НАРИ групп нь 100 хувийн хөрөнгө оруулалтай, Хятадын төрийн өмчит, 20 000 гаруй ажилтантай том компани юм билээ.
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин