Өсвөр насныхан сэтгэл гутралд автах нь ихэсчээ
Өсвөр насны хүүхдүүд өөрт тулгамдаж байгаа асуудлаа ярихаас илүүтэй эцэг, эхийнхээ харилцаа, гэр бүлийн байдал, салалт, ганцаардал, үл ойлголцол тэдний сэтгэлийг маш их эмзэглүүлдэг болохыг "Сэтгэлийн анир" төслийн багийнханы өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах үеэрээ хэлж байна. Орхон аймагт 2017-2018 оны хичээлийн жилд 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой "Сэтгэлийн анир" төсөл хэрэгжсэн юм. Үүнийгаймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар анх удаа эхлүүллээ. Төслийн хүрээнд хүүхдүүдэд ганцаарчилсан зөвлөгөө, мэргэжил олголт, амьдралын үнэ цэнийн талаарх сургалт зохион байгуулжээ. Мөн 4754 сурагчаас таван чиглэлээр судалгаа авсан байна. Ингэснээр өсвөр насныхны сэтгэл зүйн чиг хандлага ямар байгааг Орхон аймагт анх удаа судаллаа. "Сэтгэлийн анир" төслийн баг төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуулийн 6000 орчим хүүхэдтэй уулзаж, ярилцахын зэрэгцээ 1024 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. Энэ үед өсвөр насныхны сэтгэлийг зовоож буй гол асуудал нь эцэг, эхийн харилцаа, гэр бүл салалт, архидалт, өөрийг нь үл тоох, үл ойшоох байдал хэмээсэн нь сэтгэл зүйчдийн анхаарлыг татаж буйг тэд онцолжээ. Тус багийн хийсэн судалгаанаас өсвөр насны хүүхдүүдийн 10 хүүхэд тутмын гурав нь стресстэй, дөрөв нь сэтгэл гутралтай байгаа юм.
Мөн өсвөр насны хүүхдүүд гэр бүлдээ хэр сэтгэл ханамжтай байдаг талаар судлахад, хүүхдүүд эцэг эхтэйгээ ойр байх, өөрийг нь сонсдог байх, хэн нэгэн нь буруу зүйл хийхэд хамтдаа ярилцаж шийдвэр гаргадаг байхыг ихэд хүсдэг хэмээн хариулсан байна. Тиймээс сэтгэл зүйн боловсрол олгох ажлыг сургууль, цэцэрлэг, гэр бүл, албан байгууллага гээд бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэйг уг судалгаа баталлаа. Дээрх төсөл, судалгааны үр дүнд Орхон аймаг "Нийгмийн эрүүл мэндийн төв"-дөө "Сэдтэл зүйн зөвлөгөө өгөх төв"-ийг байгуулж өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон аж. Мөн төрийн албан хаагчдад сэтгэл зүйн боловсрол олгох компанит ажлыг эхлүүлжээ.
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин