Удган эмэгтэй төрийн тэргүүнд ил захидал илгээлээ

🕔 2016/03/02 16:30

Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо. Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач,эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна.

Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа.
Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа л зүтгэн түүнээс хойш өдий болтол чиний нэртэнгүүдийн ард 4 жил тутам дугуйлж, итгэж явсан алдаатай.

Өгөр хар Обама чамайг таглахад үнэн голоосоо дургүйцэн өмөөрч байлаа. Манайх цөмийн зэвсэггүй орон гээд л цовоо цолгин дуугарахад чинь мөргөх нь холгүй биширч байлаа.
Хужаа гэлээ намайг гээд ээждээ ховлоод уйлахад чинь эвий минь ээж нь батлаж байна гээд л өмөөрч байлаа. Худлаа гэгүүл регистрийн дугаартай хүн шүү би. Шалгаад үзнэ биз.
Баахан байлаа, байлаа, байлаа болох юуны дохио вэ? Аминаас илүү үнэтэй Монгол нутгийн минь газар шорооны арьсыг нь түрж хуулж, эцэг өвгүдийн минь ариун булш бунханыг үл хүндэлж, хэн явснаа мартаж орхисонд хэлчихмээр санагдаад хэлж орхив.

Зүдэрч явахад чинь ээж чинь уйлаад аргадаж байсныг мартаа юу? Эхтэй чинь адил настай, Монгол эх хүн үрээ өмөөрөөд уйлаагүй эх орноо өмөөрөөд өлсөж үхэх гэж байна. Өөртэй чинь адил эр хүн өлгийтэй үрээ үнсчихээд хүйтэнд чөмгөө царцааж байна. Үглэхээс өөр шидгүй над мэт арчаагүйнүүд нь нүүр номоор дүүрэн чамайг харааж байна. Энэ хүмүүс хүний эрх гэж өлсөөгүй, та нар буу бид нар удирдая гэж өлсөөгүй, мөнгөө алдсан буюу авна гэж өлсөөгүй, цалин нэмээдэх гэж өлсөөгүй. Харин үр хойчийнхоо төлөө, Элбэгдоржийн үргэлжлэл болох чиний хүүхдүүд мөн өргөсөн хүүхдүүдийн чинь ирээдүйн ус, агаарын төлөө өлсөж байна.

Алт бол усыг татдаг. Иймдээ ч гол мөрний ай саваар байдаг. Алтыг нь аваад байвал ус биднээс нүүрээ буруулна. Учир нь усыг татаж байдаг соронз үгүй боллоо гэсэн үг. Байгалийн ЖАМыг та нарын будаа иддэг Америк ч зохицуулж сураагүй байна даг. Дэлхийн дулааралд санаа нь зовоод, живж үхэх тавилантайгаа эвлэрээд Библид гардаг усан онгоцонд багтахыг хүсч, залбирдаг болоод байна. Өндөрлөг газар Монголд хайлсан ус ирэхгүй гэж баярлавч уух ус нь үгүй болбол хаачих вэ? Долоогоод цангаагаа гаргах цасгүй, тосоод уучих бороогүй болтол ган гамшиг тохиовол бидний үрс хатаж үхэж, чи бидний сүнс тарчилна биз ээ. Хүннү нарын сүнс байтухай ойр хавийн хамаг сүнснүүд сэрж босоод, Монголд айл бүрт бөө төрөөд байгааг ухаарна биз ээ. Тэд энэ аюулыг сэрэмжлүүлэн олон зүйлийг учиглаж хэлж байна.

Би улс төр сонирхдоггүй учраас хэн ч гэдэг билээ сая хууль батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нэг дарга чинь ламтай золгоод байж байхын. Лам нар ч сүнсний мэргэшилтэнгүүд. Гэхдээ тэд хөөрхий уул усанд боов тавьж, ном унших болохоороо нээг их явахын. Тэгсэн хэр нь ухаж байгаа газрын хажуугаар таг сохор, таг хэлгүй болоод өмссөн формын хувцас, хийх ёстой ажлаа ч мартаад байхын. Ядахдаа боов тавьж, ном унших уул устайгаа байхгүй бол ажилгүй болно гэдгээ гэнэт л сэрээд мэдэх байлгүй дээ гэж найдах юм. Учир нь удам бүрт эцэг өвгүд нь залраад жилээс жилд лам нар ажилгүй болох аюул ирж байна. Ямар сайндаа "бөө-д очихоос болгоомжил” гэж зар бичсэн байхав дээ. Үнэн байдал ийм л байна. Иймд сүнс байхгүй гэж гүрийх арга байхгүйг анхаар.

Сүнс үгүй бол Христ, Будда, Лам, Бөө, Чи, Би байхгүй. Энэ л ЖАМ-ын дагуу Удмын маань Тэнгэрүүд бууж, чам шиг байсан намайг ухааруулаад, цагаан сараар очиж тэр хүүтэй золгоод юм асуугаад ир гэсийм.

Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын үлгэн салган, орон гаран ч гэлээ эцэг ухаантай үүрэг хариуцлагатай хүн атал яаж бууз идээд, бүтэн нойртой хоноод байгааг чинь хараад хүн чанар чинь ам шигээ хадны цуурай юм байна гэж бодох болов. За миний хувьд ийм. Түрүүнд бичиглэсэн, би Мөнх Хөх Тэнгэрийн улаач хүн гэж. Миний Онгод Тэнгэрүүд асуулт дайсныг нь бүрэн эхээр нь хуулж явуулав. Харвардад сурсан толгой чинь самуурсан үгүйг над мэт эгэлчүүдэд харуулахыг хүсэв.
Тэд бүр намайг ерөнхийлөгч хүүд очиж золгоод асуугаад ир гэсэн хаалга чинь хаана ч байдын би яаж мэдэхийн. Нэг харсан чинь тэнд ч бөхөө үзэхгүй айсан нүдээр бүлтийчихсэн байж байхын, олж авах гэж байтал айлын тавгийн идээний хажууд дахиад л өнхрүүш шиг бүлтийгээд явж байхын, дахиад хартал тэмээтэй яриад зогсож байхын. Ингэж байхаар ажлын газрын чинь баруун хаяанд хэвтэж байгаа хэдэн хүнийг хараад өөрийгөө дурссан бол би ингээд балайраад байж байхгүйсэн. Завгүй бол нарийн, бүдүүн бичгүүдээрээ бичиг дайчихгүй дээ.

Онгод Тэнгэрийн асуусан асуултыг нь илгээчихье.

Яагаад "Ноён” уул чухал байгаа юм?
Яагаад "Ноён” уулыг ухаж болохгүй юм?
Яагаад "Ноён” уул хайран байгаа юм?
Чи хариулаадах……….

Чи өөрийнхөө зүрх сэтгэлээрээ
Яагаад заавал "Ноён” уулыг
Бусад бүх уулсаас заавал
Яагаад, яагаад "Ноён” уулыг ухаж болохгүй гээд
Ардууд шаардаад, бөө бөөлөөд байгаа юм?
Тэр ямар чухал уул юм?
Яагаад түүний төлөө бөө бөөлөх ёстой юм?
Яагаад төр улс түүнийг
Дархалж нандигнаж амьдрах ёстой юм?
Тэр ямар учиртай бэлгэ тэмдэг юм?
Яагаад оршин тогтнох утга учиртай
Дархлагдсан уул юм?

Энэ л асуултуудыг
Эргэцүүлж бодно уу!!!
"Ноён” ууланд бусдаас өөр юу байгаа юм?
Юу нь илүү, юугаараа давуутай болоод
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөх Монголын иргэд хоёр хуваагдчихав?
Хүннү-гийн булш байдаг.
Хүннү-гийн булш байдаг.
Хүннү-гийн булш байдаг.
Энэ ямар утга учиртай юм?
Яагаад гурвантаа давтан хэлэв?
Энэ утга учир чиний зүрхэнд яаж тусах ёстой юм?
Энийг чи хариулаадах.

Яг "Ноён” уулын хувьд
Бидэнд ямар давуу чанар байгаа юм хэмээвэл
Ганцхан давуу чанар бий
Хүннү-гийн булш байгаа учраас тэр.
Хүннү гэж хэн юм бэ? тэгвэл
Хөх Монголын Чонос-ын түүх хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Хөх Монголын эх, анхны цэг хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Хөх Монголын тусгаар тогтносон улсын түүх хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Бид Чонос-ын хөвүүд, Мөн үү!
Бид Чонос-ын охид, Мөн үү!
Эх түүхээ унштухай.

Тиймээс бид
Эхэлсэн цэгээ баллаж болохгүй.
Төр улсын маань анхны түүх хаанаас эхэлж байгаа юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Тэгвэл төр улсынхаа анхны түүхийг үгүй хийгээд
Энэ улсад аж төрөх учир юу юм?
Эцэг Тэнгэрийн түүх хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Эрхт Тэнгэрийн тахилгын түүх хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Энэ бөөгийн заншил хаанаас эхэлдэг юм?
Хүннү-гээс эхэлдэг.
Эхлэх цэгээ үгүй хийгээд бид
Өөрсдийнхөө төрсөн түүхийг
Үгүй хийж аваад мөхөхтэй адилхан бус уу!
Жил бүр цагаан сараар бид
Тусгаар тогтносон аж байдлынхаа
Нэгэн жилийн ойг хийж байна.
Тэгвэл эхэлсэн цэг үгүй бол
Өнөөдөр үргэлжлэх баярыг тэмдэглээд яах юм?
Монгол төрийн тэргүүн та
Энэ асуултад хариулна уу.

Бидний ганцхан давуу чанар
Бидний төрсөн өдөр
Төр эхэлсэн түүх
Түүх эхэлсэн цэг байхгүй болбол МӨХӨЛ.
Тэр чинь "НОЁН” уул
Тиймээс бид ухаж болохгүй.
Төрөө тавиад туухтай адил
Тийм үйлийг өнөөдөр хийж байгаагаа ухаарахгүй бол
Монгол улсын Иргэн байгаад яах юм.
Монгол улсад хамаараад яах юм.
Монгол Угсаанд хамаараад яах юм.
Энэ түүхийг үргэлжлүүлээд яах юм.
Төрж мэндэлсэн өдрөө үгүйсгэсэн хүмүүс
Үхэх өдрийг хүлээгээд яах юм.
Тусгаар тогтнолыг
Минийх гэж тамгалсан тэр газар
Дөрвөлжин булшаараа тамгалсан тэр газар
Дөрвөлжилсөн бие цогцсоороо тамгалсан тэр газар
Төрийнхөө эхэлсэн цэг гэж
Тахиж дархалж хамгаалах ёстой тэр газрыг
Төрийн хамгаалалтад авах ёстой.
Түмнийхээ дээдэд оршоох ёстой.

Түүх эхэлсэн тэр цагийг бид
Төрсөн өдрөө гэж магтаж, дуулж
Өнөөдөр оршин тогтносныхоо утга учир болгож
Аж төрөх ёстой бус уу.
Бидэнд эхэлсэн өдөр байдаг учраас
Төгсөх өдөр байдаг учраас
Энэ хоорондоо утга өгч амьдардаг юм.
Түүх эхлээгүй бол
Түүх өндөрлөхгүй.
Эхэлсэн өдрийг үгүй хийвэл
Төгсөх өдөр тэр өдөр байдаг юм.
Тиймээс бид бахархалтайгаар төрсөн өдрөө
Энэ цус, энэ яс, энэ амьдрал эхэлсэн түүхийг
Хамгаалах ёстой бус уу.

Монгол оршин тогтнох утга учир
Тэндээс эхэлсэн учраас
Хүннү-гээс эхэлсэн учраас
Хөрөх цогцсыг нь хүндэлж
Бүх ясыг нь дээдэлж
Хүний дээд оршилыг хайрласан
Эцэг өвгөдөө
Хүний эрх
Эрх ямба
Эд мөнгө
Энээ тэрээ гэж
Хөөрцөглөхөөсөө өмнө
Утга учрынхаа эхлэлийг бид хайрлах учиртай бус уу!

Эндээс эхэлж дуурсагдах түүх бүхэн бидэнд сургамж өгч
Өнөөдрийг бүтээж байгаа учраас
Энэ өдрийг бүтээсэн тэр л
Өмнөх түүхийн дурсамжийг
Хамгаалж ухаарах ёстой бус уу!
Яагаад бид алтан овоо босгоод
Тахиж болох тэр л газрын
Алтыг нь авч хоосолно гээд байгаа юм.
Агуу төөргийнхөө тугийг мандааж
Өвгөдийнхөө цусыг оршоосон тэр газрыг
Хөндөх ёстой юм.
Хөндөж эхэлсэн бол яагаад эргүүлж болохгүй гэж
Хөрст дэлхийд Монгол гэж
Тугаа дээдлүүлэх болсон
Хөх дэлхийд Монгол гэж оршин тогтнохын
Утга учрын эхлэл болох тэр газрыг
Яагаад хамгаалах учиргүй гэж
Яагаад???

Энийг ухаж чадахгүй байна уу?
Бид түүнийг өнөөдөр ухлаа.
Тэгвэл бидэнд ямар бахархал үлдэх юм.
Энэ эхэлбэл цааш бид юугаа ч худалдаж болно.
Цааш бид юуг ч үзэж болно.
Өөрийнхөө гавлыг өөрийн хөлөөр няцалж болно.
Өөрийнхөө төрсөн үнэ цэнийг умартаад
Өнөөдөр амиа хорлож болно.
Учир нь бидний эхэлсэн өдрийн
Үнэ цэнэ оршихгүй бол
Үхэх өдрийн үнэ цэнэ үгүй.
Энэ болтол тэмцэж амьдарсны үнэ цэнэ үгүй.
Ахиж хүүхэд төрүүлэх хэрэг үгүй.
Энэ улс хөрстөөс арчигдах нь дээр
Бусдад бид Үнэ цэнэ үгүй
Бусдад бид Өв түүх үгүй
Бусдад бид Тусгаар орших утга үгүй
Яагаад Хүннү-гийн түүх эхлэхдээ
Бусдад атга шороо бүү өг гэж захисан юм?
Бусдад нутгаа бүү худалд, бүү өг гэж хэлсэн юм?
Энэ л анхны өвлүүлж үлдээсэн түүхийг
Өнөөдөр умартах юм бол
Маргааш бид өөр юугаа худалдах ёстой юм?
Өр зүрхээн цээжнээсээ гаргаад
Өргөл болгож худалдагдах ёстой юу?
Өнөд цохилох зүрх сэтгэлийг ч худалдах ёстой юу?
Өрх гэрээн худалдах ёстой юу?
Өөрөөс төрөх хүүхдээ худалдах ёстой юу?
Өрнөн төрөх өөрийгээ худалдах ёстой юу?
Яагаад тэр газар руу зоригтойгоор шуналхийлж байна?
Яагаад энэ түүхийг сэтгэж чадахгүй байна?
Яагаад энэ түүхээ өмөөрч чадахгүй байна?
Яагаад зүрхэнд чинь үүнийг өмөөрөх
Сэтгэл оршихгүй байгаа юм? гэж
Төрийнхээ тэргүүнээс асуумаар байна.
Энд утга учир хэлээд
Ард түмэнд тайлбар тавиад туух
Тийм тэргүүнээр бид яах юм.
Тийм тэргүүн бидэнд хэрэгтэй юу?
Тийм тэргүүнд цохилох зүрх байгаад ч яах юм.
Төрийн тэргүүнийг тархи гэх юм бол
Ард бид нь зүрх байдаг юм.
Төрийн тэргүүнийг толгой гэх юм бол
Ард бид нь бие байдаг юм.
Ийм толгойт байснаас үхсэн нь дээр бус уу?
Эс бөгөөс толгойг тасдаад
Өөр нэгэн толгойг тавьж болох бус уу?
Энэ бүхний хариултыг өгнө үү.


скачать dle 12.0

Санал болгох