Нэрийг нь дуулсан ч, дүрийг нь хараагүй нэгэн баатрын тухай
Бид ямар их азаар энэ сайхан орны эзэд болж мэндэлсэн юм бол. Ямар их тавилангаар агаар нь ариухан, ус нь цэнгэг Монголынхоо уудам дэлгэр нутагт, амар амгалангийн охийг хүртэн дураар жаргана вэ. Хэзээ нэгэн цагт ингэж бодоогүй монгол хүн байхгүй байх гэж би боддог юм. Японд цунами болоход, Чили газар хөдлөлтөд "нэрвэгдэхэд” ийм бодол өөрийн эрхгүй төрдөг юм, надад. Тэгээд энэ сайхан эх орныг, ийм амгалан амьдралыг хэн нэгэн монголчуудад бэлэглэсэн юм шиг санагддаг. Эх орныхоо тусгаар тогтнол, улс үндэстнийхээ бүрэн эрхт байдлыг хамгаалахаар, хадгалахаар хэдэн "дайчин” энэ нутагт амьдарч, бас энэ нутагтаа шингэснийг хэлж үл мэднэ. Тэдний цөөхөн нь л эдүгээ бидэнд мэдэгддэг байх. Хээрийн хонгор салхи, хэдэн зууны тэртээх шарласан навчис л энэ үнэнийг "өгүүлж” чадах байлгүй.
Өнөөдөр Монголын төлөө, бидэнд энэ эх орныг өвлүүлж үлдээсэн ачтан, нэрийг нь дуулсан ч дүрийг нь хараагүй нэгэн баатрын тухай үзэг, цаас нийлүүлэхгүй өнгөрвөл алдас болохуйц өдөр шүү дээ. Монгол Улс төдийгүй, дэлхий дахины түүхэнд тод томруун мөрөө үлдээсэн, дэлхийн суут хүн бол Эзэн богд Чингис хаан. "Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах нэрийг өөрөө” гэж монгол түмэн ярьдаг. Тэгвэл Чингис хаан ардынхаа зүйр үгтэй дүйхүйц амьдралаар амьдарсан нэгэн юм. Түүнд эцэг, эхээс хайрласан нэр нь Тэмүжин. Харин өөрийн хүчээр, Монголын зоригт хөвгүүний чадлаар олж авч, өргөмжлөгдсөн нэр нь Чингис хаан. Дэлхийн дайдад Чингис хаан нэрээрээ алдаршсан билээ. Өнөөдөр тэр аугаа хүний энэ хорвоод мэндэлсэн өдөр. Уул уурхайн баялаг маань төдийлөн бусдад мэдэгдээгүй байхад Азийн цээжинд орших жижигхэн улсыг гадныхан зөвхөн Чингис хааны эх орон гэдэг утгаар нь хүлээн авдаг байсан гэх. Саяхныг хүртэл тэдний цөөнгүй нь тэртээ XIII зууны Монголоор эх орныг минь төсөөлдөг байжээ. Чингис хаантай холбоотой монголчуудын түүх бүдгэрэхдээ дэндүү бүдгэрч, мандахдаа бас мандаж явсан билээ. Нэгэн цагт Чингис гэдэг нэрийг хэлсэн хүн эсэргүү нэр зүүж, шийтгэгдэж байсан гэдэг. Гэсэн ч ухаант мэргэн өвгөдийнхөө ачаар энэ аугаа хүнтэй холбоотой баримт сэлт, хууч, домог, ам дамжсан ярианы тал хагас нь ч гэсэн өнөө бидэнд өвлөгдөж ирсэн юм.
Ардчилал, эрх чөлөөний салхи сэвэлзсэн тэр цаг үед энэ хүний талаарх түүх сэргэж, харин эдүгээ бид Чингис хааныхаа хорвоод мэндэлсэн өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй болоод байна. Дэлхий дахин нийтээрээ эзэн Чингис хааныг минь дээдэлдэггүй гэдгийг бид мэднэ. Эдүгээ зарим оронд Чингис хаан дарангуйлагч, харгис үзэлтэн байсан гэсэн үзэл өнөө ч хэвээр хадгалагдаж байна. Бие засах газартаа түүний хөрөг мэт зүйлийг зурсан тохиолдол ч бий. Гэхдээ бид үүнд эмзэглэх хэрэггүй. Учир нь түүнд эзлэгдсэн улс орны ард түмний дунд Чингис хааныг магтах нь тэрс үзэлтний тоонд багтдаг болохоор зарим улс оронд ийм зүйл ажиглагддаг байх. Гэхдээ дэлхийн улсуудын олонх нь Чингис хааныг аугаа их хаан байсан гэдэгтэй эвлэрдэг. Учир нь Тэмүжин энгийн буурай орон руу шалтгаангүйгээр довтолдоггүй байж. Монголчуудыг дорд үзсэн, эсвэл элчийг нь хороосон юм уу, монгол хүний дуугүй хараад өнгөрч чадахгүй тийм үйлдэл гаргасных нь төлөө зарим хүнд "шанг нь хүртээдэг” байж. Эдүгээ ч монголчуудад ийм араншин байдаг. Энгийн дорд ардыг өргөж, ихээхэн даварсан нэгэнтэй нь "үзэлцдэг” энэ араншин монгол хүний генд хадгалаатай байдаг мэт санагддаг юм.
Монголчууд өнөөдөр дэлхийд Чингисийн удам гэдгээрээ бахархаж явна. Тархай, бутархай олон овог, аймгийг нэгтгэж, улмаар дэлхий дахиныг байлдан дагуулж, монгол морины туурай хүрээгүй хуурай газар өчүүхнийг үлдээсэн баатар эрийн гавьяа өнөөдөр монголчууд бидний хувьд асар үнэтэй түүх юм. Тэмүжин 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг билээ. Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр, хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байдаг. Чингис хааны удам угсаа, монгол цэргүүдийн хойчис Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлж, тэр газраа түшмэг улсуудаа бий болгосон түүхтэй.
Энэ мэт түүний байгуулсан гавьяаг мартах учиргүй. Эдүгээ дэлхий нийт Чингис хааны тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна. Энэ хэрээр Монголын залуу үе түүнийг судлах хэрэгтэй юм.