Найдангийн Түвшинбаяр өнөөдөр барилдана

🕔 2018/09/26 10:04

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Уржигдар эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар зодоглосон ч хоёул нэг ялалттай үзэгчдийн суудалд шилжив.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д гүрж гаралтай Испанийн тамирчин түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 70 кг-д Японы Арай Чизүрү дэлхийн хошой аварга болсон юм. Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн -100, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ өдөр манайхаас олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар ганцаараа дэвжээнд гарсан. Учир нь, -78 кг-д манайхаас тамирчин зодоглоогүй юм. Л.Отгонбаатарын хувьд Америк, Чили, Латви, Португалийн бөхийг ялж хэсгийн аварга болсон.
Улмаар хагас шигшээд олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гүржийн тамирчин Варлам Липартелианитай барилдсан ч барилдааны төгсгөлд вазари үнэлгээ алдсанаар тэмцээнээ дуусгалаа. Хоёр бөх хоорондоо гурав дахь удаагаа таарахад бүгдэд нь гүрж эр ялалт байгуулав. Өмнөх хоёр барилдаанд гүрж эр манай бөхийг торгуулиар ялж байсан бол энэ удаа вазари үнэлгээ салгалаа. Дугаар шилжих мөчид олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Аарон Вольфтой хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан байв.
Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаан болно. Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Н.Түвшинбаяр аваргын хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури зэрэг шилдгүүд багтсан.
Манай бөх эхний тойрогт Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой барилдана. Түүнийг ялбал Хятадын Шао Тонг манай гавьяатыг хүлээж байна. Ялсан тохиолдолд хэсгийг тэргүүлэгч Лукас Крплак, Нидерландын Хенк Грол нарын ялсантай нь шөвгийн наймд шалгарахын төлөө барилдах юм.
Улмаар маргааш багийн барилдаан болох бөгөөд монголчууд "А” хэсэгт Япон, Азербайжан, Австрийн багтай нэг багтсан. Дашрамд сонирхуулахад, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар үзэж байна.скачать dle 12.0

Санал болгох