Д.Сумъяа дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

🕔 2018/09/24 09:07

Д.Сумъяа дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна. Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар манай тамирчид нэг хүрэл медаль, гурван тамирчин тавдугаар байрт шалгарсан үзүүлэлтээр 124 орноос долоодугаар байрт эрэмбэлэгдэж явна. Дэлхийн аваргын гурав дахь өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар, эмэгтэйчүүдээс 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн нар дэвжээнд гарлаа. Тэднээс Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын гурав дахь медалиар энгэрээ мялаав.

Тэрбээр Сербийн бөхтэй эхний барилдаанаа хийж түвэггүйхэн ялсан юм. Удаах барилдаандаа Канадын бөх Жессика Климкайтыг иппон үнэлгээгээр буулган авч, Францын Хелен Ресевутай учраа таарсан. Шөвгийн дөрөвт Их Британийн бөх Смит Дэвистэй хүнд барилдаан хийсний эцэст ялагдал хүлээв. Дагах барилдаанд Өмнөд Солонгосын Квон Юүжонтой хүрэл медалийн төлөөх барилдаанд учраа таарч бөмбөрцгийн бөх гэдгээ харуулсан юм. Ийнхүү Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Тэрбээр 2015 онд хүрэл, өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлж байлаа. Түүнтэй 57 кг-ын жинд Л.Энхрийлэн дэвжээнд гарсан ч БНСУ-ын Квон Юүжонд хожигдсоноор үзэгчдийн суудалд шилжсэн. Ийнхүү энэ жингийн аваргаар Японы Ёшида тодорч, Их Британийн Смит Дэвис мөнгө, Канадын Дэгүчи хүрэл медаль хүртлээ.

Энэ өдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан болсон. Манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар барилдаж тавдугаар байрт шалгарав. Г.Одбаярын хувьд тэмцээний эхний барилдаанаас өрсөлдөгчөө буулган авсан ч эзэн орны бөхөд өвдөг шороодсон. Дагах барилдаанд Ираны бөхтэй таарч өмнөх дэлхийн аваргад гаргасан амжилтаа ахиулж чадсангүй. Харин хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсан Ц.Цогтбаатарын хувьд хүндхэн барилдаануудыг хийсэн. Тэр дундаа эзэн орны бөхийг нэмэлт цагт ялсан нь энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг барилдаануудын нэг байсан юм. Тэрбээр БНСУ-ын Ан Чан Рымтай хэсгийн аваргын төлөө барилдаж, ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Хейдаровт ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө. Энэ жингийн аваргын алтан медалийг БНСУ-ын Ан Чан Рым хүртэж, Японы Хашимото мөнгө, Ираны Мохаммади, Азарбайжаны Хейдаров нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 124 улсын 756 жүдоч хурд хүчээ сорьж байна. Зуны олимпын наадам хаяанд ирсэн үед аль улсаас хэн гэдэг бөх төрөн гарч ирж байгааг харах боломжийг өгч буйгаараа дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээн сонирхолтой байлаа. Жин жинд аваргалдаг Япон, Солонгосын жүдочидтой эн тэнцүүхэн хүч үзэх зоригтой, хурдтай бөх гарч ирж байгааг ч харлаа. Түүнчлэн Токиогийн олимпод хүч үзэх хашир туршлагатай тамирчдын бэлтгэл ямар хэмжээнд хангагдсаныг ч үзлээ. Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27- нд өндөрлөнө. Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан болох бөгөөд манай шигшээ Японы жүдочидтой эхэлж барилдана. Түүнээс өмнө буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар Бакугийн дэвжээнд гарна.


скачать dle 12.0

Санал болгох